“Sweetymotion” хамтлаг “Эмоушн” байхдаа дөрвүүлээ байлаа. Америк яваад нэгийгээ “гээчихээд” ирсэн гэх юм билээ. “Sweetymotion” хамтлагийнхан өнгөрсөн намар ирээд Т.Солонгоог тоглолтдоо оролцуулаагүй юм. Хамтлагийн гишүүдийн хооронд юу болсон, яагаад Т.Солонго хамтлагаасаа гарсан талаар хүмүүс янз бүрээр таамаглаж, хариулт авахыг хүсдэг ч тэрбээр тоймтой хариу өгдөггүй. Т.Солонготой уулзаж ярилцлаа.
-Нэг хэсэг фэнүүдээ клипээр бөмбөгдсөн. Ойрын үед нам жим байх чинь?
-Харин тийм ээ, уран бүтээл хийх завгүй болчихоод байна. Өнгөрсөн намар “Маэстро” хөгжмийн сургалтын төв нээсэн шүү дээ. Энэ ажлаа жигдрүүлэх гээд зав муутай байгаа болохоор уран бүтээлийн завсарлага авсан гэх үү дээ. XXI зуунд хөгжмийн боловсрол, гоо зүйн мэдлэгээр боловсролын төвшинг хэмжих болсон. Хүмүүс ч үүнийг ойлгодог болохоор манай төвд олон хүн ханддаг. Оюутнууд, хүүхдүүд их ирж байна. Дөч гарсан хүн ч морин хуур заалгаж байгаа.
-Сургалтын төвдөө багшилдаг гэсэн. Багшлах хэцүү байна уу?
-Манайх дуулаач, төгөлдөр хуур, морин хуур, гитар, хийлийн сургалт явуулдаг. Төгөлдөр хуур, дуулаачийн хичээлээ өөрөө заадаг. Би Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын анги төгссөн, дуулаачийн ангид бас давхар явж байсан.
-Яагаад хөгжмийн сургууль нээх болов. Өөр ашигтай бизнес хийе гэж бодоогүй юу?
-Хөгжмийн сургуультай болох нь миний мөрөөдөл байсан. Монгол цөөхөн хүн амтай. Зөвхөн дуу дуулаад амьдралаа авч явах хэцүү л дээ. Маш их зарлага гардаг хэрнээ тэр хэмжээгээрээ тогтмол орлоготой байж чаддаггүй.. Тийм болохоор хажуугаар нь ямар нэг зүйл хийхээс өөр аргагүй. Ер нь явж явж хүний эзэмшсэн мэргэжил хүнд хэрэг болдог юм байна. Манай ээж эхээс зургуулаа. Тэдний тав нь багш. Ээж маань 30 гаруй жил багшлаад энэ жил тэтгэвэртээ гарсан. Багшийн ажил надад хэцүү санагддаг, хэзээ ч багш болохгүй гэж ярьдаг байлаа. Гэтэл би бас л багш болчихлоо. Хэцүү ч гэсэн сайхан мэргэжил.
-”Sweetymotion”-ынхон өнгөрсөн жил тоглолт хийсэн. Солонготойгоо хамт дуулах болов уу гэсэн хүлээлт үзэгчдийн дунд байсан?
-Тоглолт болох үеэр би ажлаар гадагшаа явж таарсан.
-Гэхдээ тоглолт болохыг мэдэж байсан биз дээ?
-Мэдэж байсан.
-Ер нь уулзсан уу, та хэд?
-Уулзсан уулзсан, өчнөөн олон жил хамт байсан юм чинь уулзалгүй яах вэ. Тэд ирээд тоглолтын бэлтгэл, телевиз, сонинд яриа өгөх гээд нэг хэсэг завгүй явсан. Тэгээд жаахан уужирсныхаа дараа уулзацгаасан.
-”Sweetymotion” эх орондоо ирэхээс өмнө чи “Хамтлагийн бүсгүйчүүдээ тэсэн ядан хүлээж байна. Хамтдаа дуулахыг мөрөөдөж байгаа” гэж байсан. Гэтэл нөгөө хэд нь ирчихээд “Угаасаа л бид гурав байсан, бид гуравд дөрөв дэх хүн хэрэггүй” гэж мэдээлсэн. Энэ чиний олон жилийн хөдөлмөрийг үгүйсгэж байгаа хэрэг биш үү?
-Миний тэгж ярьсан нь үнэн. Би өөрийгөө хамтлагаас гараагүй гэж бодож явсан. Тэд олонх, би ганцаараа. Хамтлагт ядаж 50 хувьтай байж шийдвэр гарахад нөлөөлнө шүү дээ. Намайг хамтлагаас гаргасан нь тэдний л шийдвэр. Энэ талаар ер нь яримааргүй байна. Би үүнд нь гомдоод янз бүр болоод явсан юм байхгүй.
Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Цаг хугацаа явдгаараа л явна. Би тэдний юу хэлснийг нэг бүрчлэн сонсоогүй. Таньж мэддэг хүмүүс ирж янз янзын юм хэлж л байсан. Би нүдээрээ харж, чихээрээ сонсоогүй, уулзаад өөд өөдөөсөө хараад сууж байхад тэгж хэлээгүй болохоор тэгээд л өнгөрсөн. Хэрэв үнэхээр тэгж ярьсан бол хүмүүс өөр өөрийнхөөрөө л ойлгоно биз, тэгээд ч бусдын хэлсэн үгний өмнөөс би тайлбар хэлэх нь илүү хэрэг гэж бодож байна. Би тэднийг найзаа гэж боддог хэвээрээ л байгаа.
-Арваад жил хамтран уран бүтээл хийж, нэг гэр бүл болж амьдарсан хүмүүс ийм харилцаатай болсон нь нэлээд гүнзгий хагаралдсаны шинж байх даа?
-Намайг Монгол руу явахад ямар нэг асуудал гарч, бидний хооронд хэрүүл маргаан болоогүй. Яалт ч үгүй хувийн шалтгаан гарсан болохоор би явсан. 2006 онд би ганц дүүгээ алдсан. Дүү маань “Гурван охин” хамтлагийг байгуулалцсаныг хүмүүс мэдэх байх. Би жирэмсэн болсон, охиноо төрүүлсэн. Нэг л мэдэхэд цаг хугацаа өнгөрч ийм юм боллоо.
-Тэдэнтэй намар уулзсан гэлээ. Тэдний байдал ямар байсан бол?
-Найзууд яаж уулздаг вэ, тэгж уулзаад л салсан.
-Чамайг Чинбаатай хардсан гэдэг яриа байдаг юм билээ?
-Эрүүл ухаанаар бодоход яаж тийм юм байх вэ дээ. Эрэгтэй хүн хамаагүй байдаг юм аа гэхэд би найзынхаа нөхөртэй орооцолдох хүн биш.
-Чинбааг хамтлагийн охидод хатуу ханддаг, “Эмоушн” Чинбаа, Сарнай хоёрын гэр бүлийн хамтлаг мэт байдаг гэх нь бий?
-Хамтлаг нэг толгойтой байх ёстой. Айлын эрх охид өөр өөрийнхөөрөө яваад байвал амжилтад хүрэхгүй. Тэгэхээр чанга байхгүй бол болохгүй л дээ. Үүнийг нь хүмүүс “Чинбаа охидоо загнадаг” гэж ярьдаг. Хүн л юм чинь уурлана, бухимдана. Олон жил хамт байхад уйлах дуулах, загнуулах, муудалцах үе зөндөө л гарна шүү дээ.
-Хамтлагтаа та хэдэн жил дуулсан билээ?
-“Эмоушн” хамтлаг 1998 онд байгуулагдсан. Надаас өмнө С.Сэрчмаа дуулж байгаад гарсан юм. Би 1999 онд орсон. 2007 он хүртэл гэхээр найман жил хамт байжээ.
-Хэр үүрэг рольтой байсан гэж боддог вэ?
-Хамтлагт гишүүдийн үүрэг адилхан байдаг. Нэг нь сайн дуулдаг, нөгөөх нь муу дуулдаг гэх юм байдаггүй. Хүмүүс тэр нь сайн, энэ нь муу гэж ярьдаг ч тэр хоолой байхгүй бол дутуу сонсогддог.
-Нөгөө хэд чинь “Солонгоор дутахгүй, бид хэдэн ч хүний хоолой гаргаж чадна” гээд байсан биз дээ?
-Техник технологи хөгжсөн болохоор нэг хүн хоор шиг дуугарч ч болно. Гэхдээ тайзан дээр, ам барихгүй дуулах үед дутна шүү дээ.
-Ярианы сэдвээ өөрчлөөд Солонгоогийн хувийн сонин хачнаас сонсоё?
-Хувийн амьдралаар гойд сонин зүйлгүй дээ. Охин маань сая гурван нас хүрсэн. Охин хүүхэд адтай байх юм. Хэл ам нь гүйцэгдэхээ больсон. Шакира, Бьонси, Лэди Гага яриад л явна шүү дээ. Дуу хөгжимд дуртай, авьяастай. Цэцэрлэгийнхээ “Авьяас” алтан медальтай.
Өөр зөндөө л шагнал авсан байна билээ. Үнэндээ би охиндоо цаг зав гаргадаг сайн ээж байя гэж хичээж байгаа ч тэр болгон чадахгүй юм. Охин маань өвөө, эмээгийн хүүхэд болоод байгаа. Ядаж амралтын өдөр хүүхэдтэйгээ хамт агаар салхинд гарч, тоглож наадах юмсан гэж хичээдэг. Өөрийнхөө бодсон хэмжээнд, хүссэнээрээ цаг зав гаргаж чадахгүй байгаадаа заримдаа эмзэглэдэг. Танай сониноор дамжуулаад миний хамгийн үнэнч, дотны туслагч хайртай ээж аавдаа охин нь үргэлж баярлаж явдаг, хайртай шүү гэж хэлье.
-Хэр шуналтай эмэгтэй вэ?
-Ер нь шуналгүй эмэгтэй байдаггүй байх. Гэхдээ би өөрийгөө шуналаа хязгаарлаж чаддаг гэж боддог. Харин аксессуарт бол үнэхээр дуртай. Үнэт чулуу, үнэтэй металл гэж шунахгүй л дээ. Дэгжин, хувцас стильдээ тохирсон, донжтой ээмэг зүүлт таарвал гар татахгүй.
Гоёл чимэглэлийн тасгаар орвол хоосон гарахгүй. Миний энэ хообийг миний найзууд, ойр дотныхон маань мэддэг болохоор аксессуар бэлэглэдэг. Хэдэн жилийн өмнө таалагдсан хувцсаа ямар ч үнээр хамаагүй худалдаж авдаг байсан. Одоо бол мөнгийг зохицуулж сурч байгаа. Миний өмнө олон зорилго байна. Хүүхдийнхээ боловсролд зарцуулах мөнгө хэрэгтэй. Ээж болохоор өөрөөсөө илүү хүүхдээ л бодох юм байна шүү дээ.
-Брэнд хөөдөг үү?
-Брэндээр өвчилчихсөн, хөлөөсөө толгой хүртэл янз бүрийн брэнд өмсөж зүүсэн хүн инээдтэй харагддаг. Миний хувьд биед эвтэйхэн, өөрт зохисон хувцас өмсөхийг чухалчилдаг. Мэдээж чанартай байх ёстой.
-Хэр эрх эзэгтэй вэ?
-Би эршүүд талдаа хүн шүү дээ. Заримдаа бүр хэтэрчих гээд байдаг юм. Эрэгтэй хүнээс гуйх дургүй, хүн гуйж байхаар өөрөө хийнэ гээд ханцуй шамлаад дайрчихдаг. Тэр буруу юм билээ шүү, бүсгүйчүүд ээ. Миний инээхийг хараад манай нөхөр “Юун аймаар инээдэг юм бэ, эрэгтэй хүн шиг” гэж шоолдог юм. Би дотроо юм хадгалж чаддаггүй, гомдсон санасан юм байвал хэлж байж л санаа амардаг.
-Эмэгтэй хүнээс айл гэрийн амьдрал шалтгаалдаг. Эмэгтэй хүн л ухаантай, тэвчээртэй байх юм бол хүнийг яаж ч засаж залруулж чадна гэдэгтэй санал нийлдэг үү?
-Энэ үнэхээр үнэн үг. Эрэгтэй хүн гаднаа хатуу ширүүн, эрх мэдэлтэй юм шиг харагддаг ч амжилттай яваа эр хүний ард сайн эхнэрүүд, ээжүүд байдаг. Сүүлийн үед хатан ухаан гэж ярих болж. Энэ талаарх яриаг сонсох дуртай.
-Нөхрөөсөө өөр залуу шохоорхож байв уу?
-Сүйд болтол шохоорхож байгаагүй дээ. Ямар аятайхан залуу вэ гэж бодох бол байдаг л зүйл биз дээ. Урлагийн хүн болохоор ажигч гярхай, арай илүү мэдрэмжтэй байж магадгүй.
-Солонго нэлээд хэдэн жилийн өмнө кинонд тоглосон бил үү?
-Эртний явдал шүү дээ. Одоо хааяа кинонд тоглооч гэсэн санал ирдэг. Миний чадвараас хэтэрсэн хэцүү дүр байвал айчихдаг юм. Дуучин хүн хэдий сайн жүжиглэдэг байлаа ч мэргэжлийн жүжигчдийг яаж гүйцэх вэ. Чадахгүй бол тэр сайхан мэргэжлийг гутаасан болох байх гэж боддог. “Миний хөрш чөтгөр” киноны жижигхэн хэсэгт тоглосон.
-Хэдэн жилийн өмнө хамгийн дур булаам эмэгтэй дуучнаар шалгарч байсан. Тэр үед залуусаас танилцах, уулзах санал их ирдэг байв уу?
-Тэр үед нөхөр, хүүхэдтэй байсан биш. Танилцах санал ирдэг л байсан. Манай хамтлагийнхан Чинбаатай хамт амьдардаг байсан юм. Чинбаа охидоо хамгаалж, харамлах тал дээрээ алдартай шүү дээ. Аав шиг, ах шиг, нөхөр шиг хамгаалдаг, зорилгодоо үнэнч байхыг шаарддаг байсан. Зорилгодоо хүрсэн цагт нөхөр хүүхэдтэй болох нь ямар ч асуудалгүй гэдэг байлаа. Тэр үед ойлгохгүй гомдох үе гарч л байсан. Жаахан охид байсан болохоор бид найз хөвгүүнтэй болохыг хүснэ. Чинбаа загнаад л болиулна. Одоо бодоход аргагүй байж дээ.
-Ойрын үед шинэ уран бүтээл гаргасангүй. Дуулахаа больж байгаа юм биш биз?
-Тайзгүйгээр амьдарч чадахгүй, урлагаас хөндийрнө гэж байхгүй гэж урлагийн гал тогоонд элссэн хүн бүр хэлдэг шүү дээ. Энэ зүгээр нэг сайхан үг биш. Урлаг тэгтэл нь хүнийг татдаг юм. Гэхдээ би супер эмэгтэй байж сайн дуучин, сайн businesswoman, сайн ээж, сайн гэрийн эзэгтэй байж бүгдийг хослуулах гэж үргэлж хичээдэг ч аль нэг тал нь яалт ч үгүй орхигдох юм.
Сургалтын төвийнхөө үйл ажиллагааг жигдрүүлсний дараа өөр зүйлд анхаарал хандуулна. Тал тал тийш үсчээд байвал аль ч үгүй болох байх. Санаж явахад бүтнэ гэдэг. Одоо тооны хойноос хөөцөлдөхгүй, цөөн ч гэсэн чанартай, хүмүүсийн сэтгэлд хүрсэн уран бүтээл хийнэ гэж бодож байгаа.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-“Өнөөдөр” сонины хамт олонд баярлалаа, ажлын өндөр амжилт хүсье !
Х.Уянга