Их Британийн тогооч Энди Бейтс шинэ төрлийн кебаб хийж, “The Great Food Truck Challenge” хоолны наадмын үеэр танилцууулсан нь дээд амжилт тогтоолоо. Алтан сэрээ дагалдаж, эсвэл мөнгөн хүрээтэй тавган дээр тавиагүй атал өртөг нь 1225 ам.доллар болж байгаа тул ноён Бейтсийн уран бүтээлийг Гиннесийн шинжээчид дуу нэгтэйгээр хамгийн үнэтэй кебабаар тодорхойлжээ.
Зөвхөн сүүгээр угжиж байсан хурганы зөөлөн мах, дээд зэрэглэлийн сортын улаан лооль, нил ягаан өнгөт төмс гээд найрлагад нь орсон түүхий эд бүр тансаг хэрэглээнийх тул уг кебабын өртөг ийм өндөр гарч байгаа аж. Энэ тухайгаа тогооч Энди “Дээд зэрэглэлийн хүнс сонгохдоо л багагүй цаг зарцуулсан. Гэхдээ энэ онцгой хоолыг хийсэн мөч бүр гайхалтай сайхан байсан” гэжээ.
Дашрамд сонирхуулахад, Гиннесийн номд хамгийн үнэтэй омлетоор АНУ-ын Нью-Йорк хотын Норма зоогийн газрын хоолны цэсэн дэх 1000 ам.долларын Лобстер Фритта бичүүлсэн байдаг. Харин Гордон Рамсигийн Лондон дахь зоогийн газрын пицца 178 ам.долларын ханштайгаараа дээд амжилт тогтоожээ.
У.ТЭНҮҮН