АНУ-ын Кино академи “Оскар”-ын шагналын гардуулах, нэр дэвшигчдийг сонгох, бүтээлийг шалгаруулах журамд өөрчлөлт оруулсан тухай CNN мэдээлжээ. Шинэ дүрэм ёсоор “Шилдэг кино” номинацийн шагналыг зөвхөн нэг биш, 5-10 бүтээлд зэрэг хүртээж болох гэнэ. Түүнчлэн “Шилдэг баримтат кино”, “Богино хэмжээний шилдэг кино” номинацид өрсөлдөх бүтээлүүдийг хугацаагаар нь ангилан хүлээж авах юм байна. Тухайлбал, 2009 оны есдүгээр сараас 2010 оны мөн үе хүртэлх хугацаанд хийсэн баримтат болон богино хэмжээний киног 2011 оны “Оскар”-т “сойж” болох аж. АНУ-ын хамгийн нэр хүндтэй кино наадмын журамд анх удаа өөрчлөлт оруулж байгаа юм биш. Үзэгчдийн хүсэлт, кино шүүмжлэгчдийн шаардлагын дагуу академийн гишүүд зөвлөлдөн “Оскар”- ын шагналын журамд өөрчлөлт оруулдаг аж. Өнгөрсөн жилд л гэхэд “Шилдэг кино” номинацид нэр дэвших бүтээлийн тоог нэмж 10 болгосон билээ. Дашрамд сонирхуулахад, “Оскар”-ын шагналын нэр хүнд өмнөх жилүүдийнхээс 10 хувиар буурсан байна.