Чойжин ламын сүм музейн хамт олон хүүхэд, залуусыг чөлөөт цагаа цэнгээний газарт бус оюун ухаан хөгжүүлэх музейд өнгөрүүлэхийг уриалж, уртасгасан цагаар ажиллахаар боллоо. Өмнө нь 16.00 цагт үүдээ барьдаг байсан эл музей одоо өдөр бүр 09.00-20.00 цаг хүртэл үзэгчдэдээ үйлчлэх гэнэ.
Монголын үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей зэрэг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бусад музей 18.00 цагт хаадаг учраас зуны үдэш чөлөөт цагаа өнгөрүүлэх хүсэлтэй олонд таагүй байдаг биз ээ.
Тиймээс бусдадаа үлгэрлэн үйлчилгээний цагаа уртасгаж буй тус музейд зочлохыг хүсвэл хүүхэд 500, оюутнууд 1000, насанд хүрэгчид болон жуулчид 2500 төгрөгийн үнэтэй тасалбараар үйлчлүүлж болох юм.
С.СЭРГЭЛЭН