2008 оноос эхлэн Монголын язгуур урлагийг орчин үеийн хөгжим, рок поп, жааз, электро төрлүүдтэй хослуулан уран бүтээлээ туурвисан “Шуранхай” хамтлагийн гишүүн, дуучин Д.Үүрийнтуяа анхны тоглолтоо хийх гэж байна. Түүнтэй холбогдож тоглолтынх нь сонин хачнаас хуваалцахаар 9908... дугаарт утас цохилоо.
-Сайн байна уу, “Утасны анд” ярьж байна. Яг одоо хаана юу хийж байна вэ?
-Соёлын тэргүүний ажилтан Ц.Дэлгэр багштайгаа уулзаж, зөвлөгөө аваад явж байна.
-“Шуранхайн Үүрийнтуяа” гэдэг тоглолт хийх гэж байгаа юм байна. Тоглолтын нэр сонин санагдлаа.
-Уртын дуучин Б.Номин-Эрдэнэ, Г.Эрдэнэчимэг бид гурав 2008 оны хоёрдугаар сарын 29-нд язгуур урлагийг орчин үеийн урлагтай хослуулсан “Шуранхай” тоглолтоо хийсэн. Тэр үед дөнгөж сургуулиа төгссөн бид арай өөрөөр сэтгэж, хамтарч уран бүтээл хийе, үзэгч сонсогчдод шинэлэг зүйл үзүүлье гэж бодсоноос хамтлаг болно гэж яваагүй. Тоглолтоос хойш хүмүүс шуранхайнхан, “Шуранхай” хамтлаг гэсээр биднийг хамтлагийн хэмжээнд аваачсан. Үүнээс хойш бид хамтын уран бүтээл хийж өдий хүрлээ. Бас тус тусын уран бүтээлээ ч орхиогүй. Үзэгчид биднийг “Шуранхай” хамтлагийн дуучин гэдгээр нь илүү мэдэх учраас ирэх сарын 7-нд болох анхны тоглолтоо ингэж нэрлэлээ.
-Тоглолтынхоо сонин сайхнаас хуваалцаач?
-Тоглолтод маань Морин хуурын чуулга, уртын дууч Д.Жавхаасайхан, “Хөсөгтөн”, “S-4”, “Шуранхай” зэрэг хамтлаг, дуучид ая дуугаа өргөхөөс гадна уран нугараачид гайхалтай сайхан үзүүлбэр үзүүлнэ. “Увертура” хамтлагтай хамтран ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн үг, төрийн соёрхолт Л.Мөр доржийн хөгжим “Дөрвөн цагийн тал” дууг дуулах минь үзэгчдэд сонин байх болов уу. Тоглолтын найруулагчаар Төрийн шагналт Д.Сосорбарам ажиллаж байгаа. “Шуранхай” хамтлагийнхан нийт найман цомог гаргасан. Эдгээр цомгийн шилдэг дуунуудаа дуулна.
-“Шуранхай”-н хуучин гишүүн Г.Эрдэнэчимэг тоглолтод оролцох уу?
-Г.Эрдэнэчимэг хамтлагаасаа гарч, манай хамтлаг Баасанжав гэдэг шинэ гишүүнтэй болсныг хүмүүс мэдэж байгаа байх. Тоглолтод Г.Эрдэнэчимэг маань ирж, ая дуугаа өргөнө.