“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан Нийгмийн ардчилал МЗХ-ны залуустай хамтран гадаадын хамтлаг дуучдыг урьж “Хүй долоон худаг”-т шоу тоглолт зохион байгуулах гэж байна. Энэ талаар Б.Жаргалсайханаас тодрууллаа.
-Сайн байна уу, Жагаа ах аа. “Утасны анд” байна. Наадмын үеэр гадаадын хамтлаг, дуучид урьж шоу хийх гэж байгааг тань сонслоо?
-Санаа байна, сачий хүрэх нь үү, үгүй юу. Би санаачилж хийх гээд байгаа ч юм биш л дээ. Үндэсний хувьсгалын 100 жил, Монгол Улсад залуусын байгууллага үүссэний 90 жилийн ой энэ жил тохиож байна. НАМЗХ-ноос ийм шоу зохион байгуулах санал тавьж, хэдэн төгрөг өгье гэсэн болохоор би техник хэрэгслээр тусалж, зохион байгуулалтын ажилд нь оролцож байгаа.
-Ямар хамтлаг, дуучид ирэх вэ?
-Одоохондоо сайн шийдээгүй л байна. Ямар ч байсан АНУ, Англиас хамтлаг дуучид авчрах талаар ярьж байгаа.
-Зардлыг нь хаанаас гаргах вэ?
-МАН-ын залуучуудын байгууллага гаргана.
-Шоуг “Хүй долоон худаг”-т хийх гэж байгаа гэсэн. Яагаад тэнд хийх болов?
-Би Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор “Хүй долоон худаг”-т шоу хийе гэсэн санал гаргаж байсан. Эд үгэнд ороогүй, Сүхбаатарын талбайд хэдэн хамтлаг авчраагүй юу. Улаанбаатарт том шоу хийх бүү хэл хүн аятайхан зөрөх зай алга байна шүү дээ. Тэгээд ч наадмаар бөгчим байдаг юм чинь залуус эрүүл агаарт гурав, дөрвөн өдөр баярлаг л дээ.
Х.УЯНГА