Дэлхийн сонгодог уран зохиолын 50 ботийг “Мон судар” компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэвлэж байгаа. Зөвхөн уншигчдад бус сонсогчдод хүргэх зорилгоор МҮОНР-тай хамтран сонсдог ном болгожээ. Одоогийн байдлаар “1001 шөнийн үлгэр”, “Том Сойерын адал явдал” зохиолыг цомог болгосон ба “Чонон сүлд”, “Шадар гурван цэрэг”, “Керри эгч”, “Зэр зэвсэг минь баяртай”, “Инээмтгий хүн” зэрэг зохиолыг хэвлэлтэд шилжүүлжээ.
Сонсдог ном бэлтгэхийн тулд хөгжмийн болон дууны чимэглэл хийх шаардлагатай учраас МҮОНР-гийн найруулагч С.Даваадорж, Д.Сарантуяа, Г.Болор, С.Батцэнгэл, М.Цэнгэл нар эл ажлыг гүйцэтгэжээ. Түүнчлэн соёлын гавьяат зүтгэлтэн Г.Равдан, нэвтрүүлэгч Д.Билгээ, Ш.Бямбацогт, Н.Баярмаа, Ө.Наранбаатар, Б.Баясгалан, жүжигчин н.Баттүшиг нар дээрх номыг уншиж, амилуулсан байна.
Цаашид “Дайн ба энх”, “Анна Каринина” зэрэг зохиолыг сонсдог ном болгохоор төлөвлөжээ. Одоо хэвлэгдэж буй зохиолын хамгийн том нь “Инээмтгий хүн” бөгөөд 27 цаг үргэлжилдэг аж. Дээрх зохиолуудыг хоёр жилийн дараагаас МҮОНР-гийн эфирээр сонсогчдод хүргэх аж.
Ж.СЭЛЭНГЭ