Гималайн уулсаас орчин үеийн барилга байшин сүндэрлэсэн хотыг тольдсон гэрэл зургийн үзэсгэлэн Сөүл хотын урлагийн төвд нээлтээ хийжээ. Холливудын нэрт жүжигчин Ричард Гирийн “Бадарчин” хэмээх үзэсгэлэн солонгосчуудын хүртээл болж буй нь энэ.
Буддын шашны үзэл суртал, үнэ цэнийг голчлон өгүүлсэн 64 гэрэл зураг дэлгэсэн “Бадарчин” одоогоор 11 орны 20 хотоор аялаад байгаа бөгөөд үзэсгэлэнгийн орлогыг “Гир” санд төвлөрүүлж, Төвдийн ард түмэнд хандив болгох гэнэ.
30 гаруй жилийн өмнөөс буддын шашны сэдэвтэй гэрэл зураг авч эхэлсэн тэрбээр анхны бүтээлүүдээ ч эл үзэсгэлэнд тавьсан нь үзэгчдийн анхаарлыг багагүй татаж байгаа хэмээн БНСУ-ын хэвлэлүүд мэдээлжээ.
Түүнчлэн тэрбээр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Саяхан Монголд очих замаараа би БНСУ-д түр буудалласан юм. Энэ үеэр “Бадарчин”-гаа Сөүл хотноо гаргах хүсэлт ирсэн” гэжээ.