Загвар өмсөгч, жүжигчин Б.Гэрэлчулуун сүүлийн жилүүдэд тайз, дэлгэцийн урлагт хүч түрэн орж ирсэн. “Монголын сайхан бүсгүй” тэмцээнээс миссийн титэм зүүсэн цагаасаа загварын тайзнаа тэргүүн эгнээнд өнгөлөх болжээ. “Тусгай салаа”, “Амьдрал төсөл” зэрэг киноны гол дүр бүтээсэн нь түүнийг ихээхэн эрэлттэй уран бүтээлч болгосон.
Өдгөө тэрбээр Швед улсын уран бүтээлчдийн тавьсан саналын дагуу уран сайхны кинонд тоглохоор зэхэж буй. Түүнийг сүүлийн үед хэвлэлээр Монголын нэр нөлөө бүхий эрхмүүдтэй холбон бичих болсонд ихэд дургүйцдэг аж. Үүний хариу болгож “Ц.Мянганбаярыг загвар өмсөгч бүсгүйчүүдийг барж дуусгалаа гэх юм. Бас дуусах болоогүй охидууд байдаг юм шүү. Би өөрийн хүч хөдөлмөрөөр хэнээс ч хараат бус амьдарч чаддаг” хэмээн хэлжээ.
Эд хөрөнгөөр дулдуйдан, амрагаа болгоё гэсэн эрчүүдийн саналаас тэрбээр бүр залхсан гэнэ. Утсыг нь амраалгүй өдөр шөнөгүй залгасан зарим нэгэнд нь тэвчээр барагдаж уурласан нь нэг бус аж. Тэрбээр танихгүй дугаараас ирсэн дуудлагыг огт авдаггүй гэсэн. Хэн нэгнээс “Хамтдаа хоолонд оръё” гэсэн санал ирвэл хариуд нь “Аав ээж минь намайг одоохондоо хоолны мөнгөөр дутаагаагүй” гэж хэлээд татгалздаг гэнэ лээ.