Богд хааны ордон музейн төв хаалгаар ороход арцны үнэр ханхалж, монгол хатдын дээл хувцсаар гоёсон охидын хамт монгол баатар эр чонын хамт угтсан юм. Зочдын анхаарал, сонирхлыг багагүй татсан зүйл бол чоно. Өнгөрсөн пүрэв гаригт Богд хааны ордон музейд болсон “Монголын гоо үзэсгэлэн” тэмцээний нээлтэд ирсэн хүмүүсийг ийм дүр зураг угтсан юм. Тэмцээн дөрвөн сарын турш үргэлжилсэн бөгөөд 200 гаруй бүсгүйгээс 12-ыг нь сүүлийн шатанд шалгаруулжээ.
Азийн топ модель шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүй эндээс тодорсон. Жил бүр Хятад улсад болдог Ази тивийн шилдэг загвар өмсөгчдийн тэмцээн ирэх есдүгээр сард болно. “Монголын гоо үзэсгэлэн” тэмцээний шүүгчээр БНХАУ-ын загвар өмсөгчдийн холбооны ерөнхийлөгч Яао Ги, “Шилмэл загвар” компанийн ерөнхийлөгч Ч.Оюунцэцэг, Азийн топ модель О.Уянга, загвар өмсөгч, кино жүжигчин М.Оргил нар ажиллаа. Уг арга хэмжээнд дуучин Б.Сарантуяа, Б.Оюунгэрэл, чавхдаст хөгжмийн хамтлаг болон гитарчин Өөжгий нар ирсэн.
Тэмцээний ялагчаар 14 настай Т.Номин-Эрдэнэ шалгарч Азийн топ модель шалгаруулах тэмцээн дэх орноо төлөөлөн оролцох эрхээр шагнуулав. Удаах байранд Т.Амарзаяа тодорч Итали улсад соёлын аялал хийх эрх, гуравдугаар байрт орсон Д.Халиун Хятадын “Бентли” загварын агентлагтай нэг жилийн гэрээтэй ажиллахаар боллоо.
“Монголын гоо үзэсгэлэн” тэмцээний ялагч 14 настай Т.НоминЭрдэнэ: “Азийн супер модель шалгаруулах тэмцээнд эх орныхоо нэрийг гаргах болсондоо омогшил төрж байна” гэв.
“Шилмэл загвар” компанийн ерөнхий захирал Ч.Оюунцэцэгээс хэдэн зүйл тодрууллаа.
“Азийн супер модель” шалгаруулах тэмцээнд манайхан гурав дахь удаагаа оролцох гэж байна. Бид энэ удаа шинэ залуу, өсөх ирээдүй тэй загвар өмсөгчийг гаргахын тулд тэмцээнийг олон шаттай зохион байгуулсан. Өмнөх хоёр жил “Шилмэл загвар” агентлагийн хүрээнд л шалгаруулалт явуулдаг байсан.
-Яагаад Богдын музейг сонгож, энэ арга хэмжээг явуулах болов?
-Даяарчлал гэж ярьж байгаа хэдий ч бид монгол уламжлалаа хадгалж үлдэх хэрэгтэй. Монгол үндэсний хувцас бидний соёлын томоохон хэсэг. “Шилмэл загвар” агентлаг Английн хатан хааны ордон, Ливаны Ерөнхийлөгчийн ордон, Кремлийн ордон гэх мэтчилэн олон газарт үндэсний өв соёлоо сурталчилж байсан. Энэ утгаараа үүх түүхээ сурталчлахын тулд энэ ордон музейг сонгосон.
Э.МӨНГӨН