Бүжгийн ертөнцийн томоохон хэвлэл “Dance” сэтгүүлээс тоглолтыг нь зайлшгүй үзэх ёстой 25 шилдэг бүжигчнийг нэрлэжээ. Өнөө цагийн шилдгүүдийг нэрлэсэн уг жагсаалтын хамгийн залуу бүжигчин нь Уитни Женсен. Өдгөө 19 настай тэрбээр Варнагийн олон улсын балетийн тэмцээнд түрүүлэхдээ 17-той байв. Тус тэмцээн 44 жилийнхээ түүхэнд ердөө дөрвөн хүнд дээд шагналаа олгосны нэгийг Уитни хүртжээ. “Бостон балет”-ийн хамгийн залуу од “Night of ballet”-д оролцохоор Монголд ирсэн 25 бүжигчний нэг юм.
-Таны амжилтын нууц юу вэ?
-Би ухаан орсон цагаасаа л бүжиглэсэн. Хоёр эгч маань бүжигчин учраас тэдэнтэй адил болохыг хүсдэг байлаа. Аав, ээж ч мөрөөдлөө биелүүлэхэд минь тусалж хамгийн шилдэг багш нараар хичээл заалгасан нь амжилтад нөлөөлсөн байх. Би 10 настайдаа “Youth America grand prix” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр эргэлт буцалтгүй балетчин болохоор шийдсэн.
-Бүжиглэх үедээ юу мэдэрдэг вэ?
-Би бүх сэтгэл хөдлөл, мэдрэмжээ бүжгээр илэрхийлэхийг зорьдог. Зүгээр л тайзан дээр бүжиглэх бус үзэгчдийн сэтгэлд хоногштол, зүрхэнд нь бүжиглэхийг хүсдэг.
-Монголын сонгодог урлаг, бүжигчдийн талаар юу гэж бодож байна вэ?
-Би Монголд ирэнгүүтээ тэдэнтэй бэлтгэл хийсэн. Надад тун чадварлаг санагдсан. Үүнээс гадна Монголын балетчид орос сургалттай юм билээ. Би ч мөн балетийг орос сургуулиар сурсан учраас хамт бэлтгэл хийхэд дөхөмтэй байлаа.
-Дэлхийн олон орноор аялан тоглосон хүний хувьд сэтгэлд хамгийн тод үлдсэн нь аль улс байв?
-Миний аялсан орнуудаас БНСУ хамгийн сонирхолтой нь байсан. Харин одоо бол Монгол гэж эргэлзэлгүй хэлнэ. Монго лын уур амьсгал, хүмүүс нь таалагдаж байна. Нээрээ, бид өчигдөр (уржигдар) хөдөө явсан. Тэнд тэмээ унаж, нум сум харвасан нь миний амьдралын хамгийн сайхан дурсамжийн нэг байх болно.
-Таны баримталдаг зарчим юу вэ?
-Миний дүрэм бол “Мөнхийн сурагч” байх. Би балетийн урлагийг улам өндөр төвшинд хүргэх, эх орныхоо нэрийг гаргахыг хүсдэг. Харин өөрийгөө шилдэг нь боллоо гэж бодох л юм бол сүйрэх нь тэр. Чи хэчнээн сайн байлаа ч сурах, мэдэх зүйл хязгааргүй. Зөвхөн балет төдийгүй бусад хүний сайн чанараас үргэлж суралцахыг хичээдэг.
Б.ЭГШИГ