Монголын Скаутын холбоо нь дэлхийн скаутын 136 дахь гишүүн орон болсноор 1991 оноос олон улсын чанартай гадаад дотоодын скаут болон оюутан залуусыг хамарсан олон үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн.
Монголын Скаутын холбоо 1999-оноос зохион байгуулагдаж буй Ровермүүт буюу 16-25 насны залуучуудыг хамарсан дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг олон улсын арга хэмжээ болох Монголын Үндэсний Ровермүүт буюу залуучуудын цугларалтыг 2011оны долдугаар сарын хоёрноос долооны хооронд Төв аймгийн Батсүмбэрт байрлах Скаут Эко зусланд “Эх дэлхийдээ үйлчилцгээе” уриатайгаар зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ нь бүх залууст нээлттэй бөгөөд Монголын 500, гадаад улс орнуудаас 100 орчим залуус оролцож,хамтдаа хөгжиж, нэгдэн чуулж, туршлага солилцон зуны амралтынхаа нэгээхэн хэсгийг үр дүнтэй идэвхи санаачлагтай өнгөрүүлэхийг залуустай уриалж байна.
Энэ чуулганы нээлт нь долдугаар сарын хоёрны нээлтийн үйл ажиллагаанд олон хамтлаг дуучид оролцох ба гэнэтийн бэлэгээр дүүрэн болох гэнэ.Чуулган нийт таван өдөр үргэлжилэх ба өдөр бүр шинэлэг байх бөгөөд эко өдөрлөг,бизнес өдөрлөг ,галын наадам гэх мэт залуустаа зориулсан өдрийг зохион байгуулах юм.
Эко өдрийн хүрээнд тэд хүрээлэн буй орчиноо өөрсдөө тохижуулах ажилд оролцох юм. Мөн тэд хэлэхдээ энэхүү Олон улсын арга хэмжээний үеэр өөрийн албан байгууллага болон ивээн тэтгэгч хамт олон болон үйл ажиллагааны онцлогыг давхар танилцуулах боломжтой юм байна.
Ц.Бямбадорж