ДБЭТ-ын хамт олон энэ жил амжилт, уран бүтээлээр дүүрэн байлаа. Америк, Герман, Орос удирдаачид ирж, “Хунт нуур”, “Увдист лимбэ”-ийг дохисон бол тус театрын уран бүтээлчид энэ сарын эхэнд Ж.Вердийн “Аида” дуурийг тавьсан нь Монголын сонгодог урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн. “Монголын балетийн хөгжил” сантай хамтран “Night of ballet” наадмыг зохион байгуулж, таван тивийн шилдэг балетчид ДБЭТ-ын тайзнаа бүжиглэсэн билээ.
Тэгвэл уран бүтээлийн олз омгоор бялхсан ягаан байшингийн хамт олон зуны амралтаа авах нь. Тэд ирэх сарын 3-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгээр 48 дахь улирлын хаалтын тоглолтоо хийх бөгөөд гавьяат жүжигчин Д.Алтанхуяг гоцлох аж. Уг бүжгэн жүжгийг дохихоор Америкийн удирдаач Жиндон Чэй Монголд иржээ.
Б.Ганди