Ардын урлагийн V их наадмыг энэ оны хоёрдугаар сараас эхлэн орон даяар зохион байгуулж буй. Анхан шатны шалгаруулалтаар аймаг, бүсээс шалгарсан 600 гаруй авьяастан нийслэл хотноо хуран чуулж, энэ сарын 29-нөөс ирэх сарын 3-нд тоглолтоо толилуулах гэж байна.
Энэ өдрүүдэд ардын авьяастнууд СТӨ, ДБЭТ, ҮДБЭЧ, Улсын филармони, Монголын хүүхдийн ордон, Төмөр замын дуу, бүжгийн чуулга зэрэг газарт хуваарийн дагуу тоглох бөгөөд тус наадамд оролцсон урчуудын бүтээсэн 600 гаруй бүтээлийг Уран зургийн галерейд дэлгэх юм.
Энэ наадмыг зохион байгуулж буй Соёл урлагийн хорооны дарга, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Монголчуудын бий болгож хөгжүүлсэн морин хуур, уртын дуу, хөөмий, үндэсний баяр наадам, монгол тууль, цуур хөгжим, бий биелгээ зэргийг дэлхийн соёлын өвд бүртгэж авсны дараа болж буйгаараа энэ наадам онцлог. Энэхүү арга хэмжээ монголчуудын биет бус соёлын өв, язгуур урлаг, гар урлалын хаана ч давтагдашгүй өв санг дэлхий дахинаа сурталчлан алдаршуулахад чухал хувь нэмэр оруулж байгаа” хэмээн онцолсон.
Х.Уянга