Монгол туургатан хүүхдийн урлагийн гуравдугаар наадам 2011 оны долдугаар сарын 2-ноос долдугаар сарын 12-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна.
Наадмын ерөнхий зохион байгуулагчаар Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчдаар БСШУЯ, НЗДТГ, МҮОНРТ, Монголын урлагийн зөвлөл ажиллаж байгаа ажээ. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, Ардын хувьсгалын 90 жил, Монголд залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд хүүхдүүдэд Монгол туургатны урлагийн их өв санг өвлүүлэх, ёс заншлыг сурталчлан таниулах, урлагаар дамжуулан эх орноо хайрлах, харилцан таниулах зорилгоор энэхүү наадмыг зохион байгуулж байгаа юм байна.
Түүнчлэн уг наадамд оролцох гадны 110 хүүхэд, 21 багш төлөөлөгчдийг хүлээн авах аж. Наадмын үеэр урлагийн соёлын одууд ирж ая дуугаа өргөх ба долдугаар сарын наймны өдөр СТӨ-д тоглолтоо хийхээр төлөвлөжээ.