Японоор химэ гэдэг нь гүнж, язгууртан эмэгтэй гэсэн утгатай бөгөөд үзэсгэлэн төгөлдөр бүсгүйчүүдийг ч ийн нэрлэх нь бий. Сайхан бүсгүйн чимэг нь сувд хэмээн үздэг япончууд арлын орны эрдэнээ талын Монголд авчирчээ. Японы тэргүүлэгч брэндийн нэг “Hime” компани өнгөрсөн лхагва гаригт “Улаанбаатар” зочид буудлын тавдугаар давхарт салбараа нээлээ. Япончууд акоя, мабе, широго гэх гурван төрлийн хясааны сувдыг гоёл чимэглэлд хэрэглэдэг байна. Тэдгээрээс акоя нь тод, дотроосоо гэрэлтсэн өнгөтэй байдгаараа онцгой аж. “Hime” компани уг төрлийн сувдыг алт, мөнгөтэй хослуулан гоёл чимэглэлийн эдлэл хийдгээрээ алдартай. 3000-10000 долларын үнэтэй ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, зангианы хавчаар нь загвар хийцийн хувьд дахин давтагдашгүйгээрээ үнэ цэнэтэй байдаг.
Монголын худалдан авагчид “Hime”-гийн нээлтийн үеэр хүзүүний зүүлт, ээмэг голдуу худалдан авч буй харагдсан. Тэдний нэг “Eco beauty” салоны захирал Т.Оюунжаргал “Эмэгтэй хүн эрдэнийн чулуу хоёр жижиг байх тусмаа чамин гэдэг. Японы сувд чамин төдийгүй сүүлийн үеийн загвартай юм. Ажил хэрэгч, чөлөөт, үндэсний хувцсанд ч тохируулж хэрэглэж болох нь таалагдлаа” гэв.
Ийнхүү тансаг хэрэглээний дэлхийн чанартай брэндийн нэг Химэ-Гүнж Монголд нутагшлаа. “Химэ”- гийн захирал, ноён Сүмида Күминорү “Өнөөдөр” сониноор дамжуулан сэтгэгдлээ хуваалцаж байна
--Монголд салбараа нээж байгаад баяр хүргэе!
-Та бүхэнд баярлалаа.
-Салбараа Монголд нээх болсон гол шалтгаан тань юу вэ?
-Монгол орон, монголчууд надад сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Үнэхээр чин сэтгэлээсээ ард түмэн. Би танай оронд өнгөрсөн нэгдүгээр сард анх ирсэн. -30-35 хэмийн хүйтэн байсан ч монгол анд нарын сайхан сэтгэл, дотно харилцаа намайг дааруулаагүй. Тэр үеэс Монголд ямар нэгэн зүйл хийхсэн гэх бодол төрсөн юм. Найз н.Батболд, н.Батчимэг нартайгаа ярилцаад ийнхүү дэлгүүрээ нээж байна даа.
-Яагаад ингэж асуусан бэ гэхээр энэ чамин сувдан эдлэлүүд Монголд хэр гүйлгээтэй байх бол. Бид одоохондоо япончууд шиг орлоготой биш шүү дээ.
-Монголчууд язгуураасаа чамин тансаг, хамгийн чанартай бүхнийг эдэлж, хэрэглэж ирсэн онцгой ард түмэн гэдгийг би мэддэг. Тиймээс ч дэлхийн алдартай брэндүүд “Улаанбаатар” зочид буудалд нээж буй дэлгүүртэй маань залгаа байна. “Химэ”-гийн тухайд Японд зарагддаг үнээсээ арай хямдаар Монголд худалдаалагдана.
-Маш богино хугацаанд амжуулжээ.
-(Инээв). Тийм ээ. Он удаан жилээр энэ сайхан харилцаа үргэлжлэх болно гэдэгт итгэлтэй байна. Монголчуудад сайхан ирээдүй байна.
Б.Эгшиглэн