Моринд хорхойтой УИХ-ын гишүүд наадам дөхөхөөр түмний асуудал хэлэлцэх нь бүү хэл Төрийн ордондоо ч тогтож яддаг. Тааралдсан хүнтэйгээ “ Морь хурдан уу”, “Айраг иссэн үү” хэмээн мэндлэх төрийн түшээд цөөнгүй.
Төрийн наадамд хурдан хүлгүүдээ торгон жолоо өргүүлэхээр Ц.Цэнгэл гишүүн, УИХ-ын дэд дарга Г.Батхүү нар Тод манлай уяач Д.Ононтой нэг гал болохоор хаяа дэрлэн буухаар зэхжээ. “Шунхлай” групп нүүдэл суудлын бүх асуудлыг шийдчихдэг тул энэ галынхан бусад галаа бодвол тансаг хэрэглээтэй. Хүй долоон худагт морь үзэж, хийморио сэргээхээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга тэдний галаар зочилдог болохоор хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Өнгөрсөн жил Ц.Цэнгэл гишүүн уяан дээр хийморийн туг залсан нь тун ч сүртэй харагдсан гэсэн шүү. Тэрбээр галдаа гарах бэлтгэлээ базааж, морьдоо Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт авчирчээ. Д.Дондог, Су.Батболд, М.Энхболд нар төв аймгийн нутагт морьдоо сойхоор төвхнөх гэнэ. Энэ нутгийн хүлгүүд шандастай тул тэднийг морь уях хобби нь ямар ч үед атгасан шагай шиг нэгтгэж чаддаг гэх юм билээ. Шаггүй уяачдын гал энэ жил ойрхон гарах сурагтай.
Ч.Улаан гишүүн тод манлай уяач Д.Сундуйжавтай алдарт уяач Д.Хэнмэдэхийн галд нэгдэхээр бэлтгэлээ базаажээ. Түүний хурдан ажнайг жил бүр Д.Сундуйжав уяач уяж, уралдуулдаг уламжлалтай. Тэрбээр наадамд сойх хүлгүүдээ Налайхын ойролцоо авчирсан гэнэ лээ. УИХ-ын гишүүн Р.Рашийн галынхан Өлзийт хороололд бууриа засжээ. Түүний морьд хахир өвлийг өнтэй давж, өнгө зүс сайтай байгааг туршлагатай уяачид онцолж байгаа. Энэ галынхан наадам дөхүүлээд Хүй долоон худаг руу гарахаар төлөвлөсөн гэнэ. Тэдний галтай энэ жил Дундговь аймгийн уяачдын гал айлсах аж.