Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав гуайн хувийн бичиг баримтыг хүлээн авах ёслолын ажиллагаа өчигдөр Үндэсний төв архивт боллоо. Монголын урлагийн хан бүргэд Д.Лувсаншарав гуайн сан хөмрөгт зохиол, бүтээлийнх нь гар бичмэл, хэнтэй, хэзээ ямар бүтээл туурвисан талаарх тэмдэглэл, дахин давтагдашгүй хөгжмийн бүтээлийн ноот, 1930-1940-өөд оны үеийн тоглолтын тасалбар гээд маш баялаг “эрдэнэс” байна хэмээн Архивын ерөнхий газрын дарга Д.Өлзийбат арга хэмжээг нээх үедээ хэлсэн юм. Түүний баримт дунд Сайн ноён хан Намнансүрэнгийн нэрийн хуудас байсан аж. Хэвлэлийн чанар, цаас муутай ч уг нэрийн хуудас монголчууд ямар уламжлал соёлтой байсныг гэрчиллээ. Арга хэмжээнд түүний хүүхдүүд, уран бүтээлийн найзууд, шавь нар нь ирсэн байв. Ардын уран зохиолч П.Бадарч “Лууяа бид хоёр туулайтай (жил) юм. Өвгөн ах минь 1927 оны хөхөгчин туулай, би 12 жилийн дараа төрсөн. Нэг нутгийн гээд бидэнд адил зүйл байгаад би бэлгэшээдэг. Лууяа их нямбай хүн. Уран бүтээл хийгээд ард нь хэдэн хоног бичив, хэнтэй хамтарч хийв гээд л он, сар, өдөртэй нь бичдэг юм. Ийм сан хөмрөгийг архивлахад ч дөхөмтэй байсан байх” гэв. Түүний шавь ардын жүжигчин Б.Зангад гуай “Монголын урлагийн бүх салбарт өөрийн гэсэн зам мөрөө үлдээсэн их багш билээ. Дундаршгүй авьяас билигтэн багшийнхаа нөмөр нөөлөгт өдий зэрэгт хүрсэндээ баяртай байдаг” гэв. Ёслолын ажиллагаанд оролцсон УДБЭТ, УАДБЧ-ынхан ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Архивын сан хөмрөгт үнэтэй баримтаа хадгалуулж буй Д.Лувсаншарав гуайд тус архивынхан бэлэг бэлдсэн байв. 1929 оны хүн амын тооллогод Хан Хэнтий аймгийн Өндөр ханы хошууны Баянхутаг сумын гуравдугаар хорин өрхийн гишүүний нэг, Балдан-Очир гэж бүртгүүлжээ. Тэр үед Д.Лувсаншарав гуай гурван настай Балдан-Очир нэртэй байсан аж. Монгол бичгээр бичсэн баримтыг Д.Лувсаншарав гуай уншаад “Архивын бичиг гэдэг ийм л сайхан байгаа юм. Миний хойч үе өчүүхэн намайг тоож, бичиг баримтыг минь хүлээн авсанд гүнээ талархаж байна. Хүссэн хүн бүрийн бичиг баримтыг авдаггүй юм билээ. Намайг хүндэтгэн ирсэн та бүхэндээ баярлалаа” гэв. Үндэсний архивын сан хөмрөгт Д.Лувсаншарав гуайн 1926-2011 оныг хамарсан 143 данс бүхий баримт хадгалагдах боллоо.