Авхаалж самбаатай эмэгтэйн ачаар 10 давхраас унасан хоёр настай охин эсэн мэнд үлдсэн тухай Хятадын хэвлэлүүдэд мэдээлжээ. Ийм явдал Ханжоу хотод болсон байна. Аав ээж нь өөр өрөөнд байх хооронд хоёр настай охин тагтан дээрээ гарчихаж. Хэсэг хугацааны дараа ээж нь охиноо тагтан дээр байгааг мэдэж, араас нь гарахад хашлагын завсраар унасан гэнэ. Охиныхоо даашинзнаас дөнгөж шүүрээд л алдчихсан ээжийн орилох дуунаар орцны үүдэнд салхилж байсан хөршийн эмэгтэй дээш харвал түүний чанх дээрээс хүүхэд унаж ирж байсныг самбаачлан барьж авчээ. 10 давхраас унасан Нюню охины дотор эрхтнүүд доргиж, аврагчийн зүүн гар хэд хэдэн хэсэгт хугарч өдгөө эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Авхаалжтай эмэгтэй Цюньпин CCTV-д өгсөн ярилцлагадаа “Эмэгтэй хүн бачимдан орилохыг сонсоод дээш хартал юу юугүй нэг хүүхэд унаад ирсэн. Тухайн үед юу ч бодолгүй шууд л өсгийтэй углаашаа тайлж шидээд “байг онилсон” гэж ярьжээ.
Э.Цэцэг