Мотоспортын ОУХМ, Монголын автомашин, мотоциклийн спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүхтэй ярилцлаа. Уг холбоог 2003, 2004 онд Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” наадмын шилдэг, 2002, 2004, 2010 онд Биеийн тамир спортын газрын шилдгээр шалгарахад Д.Очирсүхийн оруулсан хувь нэмэр их. Тэрбээр 2005, 2007 онд Монголын үндэсний олимпийн хорооны шилдэг ерөнхий нарийн бичгийн дарга, 2008, 2010 онд Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн харьяа Техник, спортын төвийн шилдэг дасгалжуулагчаар тус тус шалгарч байсан юм.
-Монголын автомашин, мотоциклийн спортын холбоогоор сонин юу байна вэ?
-Долдугаар сарын 2-нд Мотоспортын улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Дараа нь Монголын автомашин, мотоциклийн спортын холбооноос 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж буй “Монгол ралли” автомашин, мотоциклийн улсын аварга шалгаруулах холын зайн уралдааныг энэ сарын 5-7-нд зохион байгуулна. 2012 онд Мотоспортын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрх авах гэж байгаа. 2009 онд уг Азийн аваргын тэмцээнийг Монголд зохион байгуулахад Э.Халиунболд гэмтэл авч, Азийн аваргын I байраа гаднынханд алдсан. Одоо тэр алдаагаа давтахгүйн тулд сайн бэлтгэх хэрэгтэй байгаа.
-Та хэзээнээс мотоспортоор хичээллэж эхлэв?
-1976 оноос мотоспортоор хичээллэсэн. Тэр үед Төв автомото клубт очиж, мотоспортын тухайн үеийн шилдэг тамирчдыг хараад энэ спортод татагдаж, хичээллэж эхэлсэн. 1980 онд аравдугаар ангиа төгсөөд ЗХУ-д Химийн цэргийн дээд сургуульд явж, химийн инженер мэргэжил эзэмшсэн. Төгсөж ирээд Ардын армид салаан дарга, ротын захирагчаар ажиллаж байхдаа ч энэ спортоо орхиогүй. 35 жил энэ спорттой холбоотой явжээ.
-Ид уралдаж явсан үеэ дурсаач?
-Одоогийн хүүхдүүдийн дэргэд миний унаж байсан мотоцикль, тэмцээн уралдаан ч “ичмээр дамшиг” байсан даа. Чехсловак улсад үйлдвэрлэсэн мотоциклоор уралддаг байлаа. 1976 оноос хойш Улсын болон хотын аварга шалга руулах тэмцээнд тогтмол оролцдог, ОУХМ Л.Жаргалсайхан, Б.Хадбаатар, Б.Батсайхан, Ж.Баярсайхан бид эхний гурван байрын төлөө өрсөлддөг байлаа.
-Монголын мото спортын хөгжлийн төлөө хэзээнээс зүтгэж эхэлсэн бэ?
-1996 оны арванхоёрдугаар сард энэ ажлыг авсан. Үү нээс хойш 15 жил эр зоригийн спортыг Монголд хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Баг, тамирчдаа дасгалжуулах, гадаад дотоодын уралдаанд оролцуулах талаар хөөцөлдөх, уралдаан зохион байгуулах, ивээн тэтгэгч олох гээд миний ажил их.
-Таныг ЕНБД-аар ажилласнаас хойш танай холбооны ажил сайжирсан гэдэг юм билээ?
-Нэг хэсэг холбооны үйл ажиллагаа зогсонги байдалд орсон байсан. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд манай холбооны үйл ажиллагаа сэргэж, Монгол Улсад танигдахуйц болоод байгаа. Холбооныхон сайн ажиллаж байгааг манай тамирчдын амжилт нотлох байх. Манай шигшээ багийн тамирчид Азидаа толгой цохиж, мотоспорт өндөр хөгжсөн Япон, Тайландын багийг айлгадаг болсон шүү дээ. Бартаат замын төрлөөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох нь зүүд шиг санагддаг байсан үе бий. Гэтэл манай тамирчид оролцож, чамлахааргүй амжилт үзүүлсэн. Мөн мотоспортыг хөгжүүлэхэд БХТН-ийн Техник, сургалтын төв их хувь нэмэр оруулж байгаа. Манай холбооны ерөнхийлөгч Г.Батхүү, дэд ерөнхийлөгч П.Батсайхан нар бас энэ спортынхоо төлөө сэтгэл зүтгэл гаргаж ажилладаг. Бид эх орондоо мотоспортыг хөгжүүлэхийн төлөө бүх чадлаараа ажиллаж байгаа. Үүргээ сайн гүйцэтгэж байгаа гэж боддог шүү.
-Таныг энэ спортод хөл тавихад тосож авсан багш хэн бэ?
-Спортын мастер П.Бямба надад мотоспортын А үсэг зааж байлаа. Дараа нь гавьяат дасгалжуулагч Ж.Лувсандагва багшийн удирдлага дор хичээллэсэн.
-Мотоспортоор тив, дэлхийд амжилт гаргасан шигшээ багийн тамирчдыг та дасгалжуулдаг байх аа?
-1995 оноос спортын мастер Л.Баасанжав багшийн удирдлага дор дасгалжуулагчаар ажилласан. Тэр үеэс өдий хүртэл мэдэх, чадах зүйлээ залуустаа зааж сургаад явж байна. ОУХМ Э.Халиунболд, Х.Тэмүүжин, Б.Ган-Од, Д.Болд баяр, Т.Нямдаваа нарыг мотоспортод хөл тавихаас нь эхлээд дасгалжуулсан. Манайд Ш.Эр дэнэбилэг, Б.Хадбаатар, Л.Баасанжав нарын сайн дасгалжуулагч бий.
-Манай улсад мотоспорт хэзээнээс үүсэж, хөгжсөн бэ?
-Одоогийн Махкомбинат орчимд 1955 оны тавдугаар сарын 2-ны өдөр анхны бартаат замын уралдаан болсноор Монголд мотоспортын суурь тавигдсан гэж үз дэг. Анхны уралдаанд 16 тамир чин оролцож, Дамбий, Дамбаравжаа, Даваадорж гэдэг хүмүүс эхний гурван байрт орсон гэдэг. Энэ уралдааныг Ю.Цэдэнбал, Ж.Самбуу дарга нар үзэж сэтгэл нь хөдлөөд, энэ спортыг хөгжүүлэх нь зүйтэй юм байна гэж шийдсэнээр Монголд мотоспорт хөгжих үндэс суурь тавигдсан. Одоогийн БХТН тэр үед Ардын цэрэгт туслах сайн дурын нийгэмлэг нэртэйгээр үйл ажиллагаа явуулж, энэ байгууллагын дэргэд 1958 оны зургадугаар сард Төв автомото клубийг байгуулсан. Тэр цагаас хойш хэдэн удаа нэрээ сольж, одоо БХТН-ийн дэргэдэх Текник, спортын төвийн бүрэлдэхүүнд багтан сургалтаа явуулж байна. Монголын мотоспортын тамирчид мөсөн болон бартаат зам, холын зай, олон төрөлт зэрэг төрлөөр дотооддоо уралдаан зохион байгуулж, гадаадад болсон тэмцээнд оролцдог.
-Манай тамирчид мөсөн замын төрлөөр тив, дэлхийд амжилт гаргах боломжтой байсан гэдэг юм билээ?
-1965 оноос манай тамирчид мотоциклийн мөсөн замын уралдаанд оролцож эхэлсэн. 1966-1974 онд мөсөн замын дэлхийн аварга шалгаруулах уралдаанд тасралтгүй оролцож, тухайн үедээ “Моринд гарамгай монгол хүн төмөр хөлгийг эзэмшиж болох юм байна гэдгийг харууллаа” гэж сонин хэвлэлд бичүүлж байсан. Манай мотоспортын тамирчдаас хамгийн өндөр амжилтыг ОУХМ Ж.Сэржбүдээ үзүүлсэн. Тэрбээр Дэлхийн аваргын шигшээ уралдаанд оролцож, шилдэг зургаан тамирчны нэгээр шалгарч байсан түүхтэй. Мөсөн замын төрөл манай улсад 1974 он хүртэл эрчимтэй хөгжиж байгаад нэг хэсэг тасарч, 1987 он хүртэл мөсөн замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манайхан оролцоог үй. Энэ үед ОУХМ Ц.Нямдорж, Ш.Эрдэнэбилэг, Ю.Эрхэмбаяр, З.Батцэнгэл нарын олон шилдэг тамирчин энэ төрлөөр дэлхийн хэмжээнд өрсөлдөхөөр бэлтгэгдсэн ч ид амжилт гаргах үеэ уралдаанд оролцож чадалгүй өнгөрөөсөн нь харамсалтай. МАХН-ын Төв хороо бүх асуудлыг шийддэг байсан үед капиталист гэгдэж байсан гуравдагч орнуудад ДАШТ болохоор явуулдаггүй байсан шиг байгаа юм. ЗХУ руу бол явуулдаг байсан. 1987 онд Ленинградад болсон тэмцээнд Ю.Эрхэмбаяр, Ш.Эрдэнэбилэг нар оролцож, тухайн үедээ маш өндөр амжилт гаргасан.
-Энэ төрөл одоо зогсонги байдалтай байх шиг?
-Үнэнийг хэлэхэд санхүүгийн боломжгүйгээс мөсөн замын төрөл унтарчихаад байгаа. Мотоциклийн спорт өртөг өндөртэй. Мөсөн замын төрлийг хөгжүүлэхийн тулд дор хаяж 14-15 мотоцикль хэрэгтэй. Үүнээс цөөн мотоцикльтой бол уралдаан зохиох аргагүй байдаг юм. Мотоспортын тамирчид нэг мотоциклийг есөн мянган доллараар аваад, дэлхийн шилдэг тамирчидтай уралдах хэмжээнд хүртэл тоноглож, сайжруулахад дахиад ийм хэмжээний мөнгө зардаг.
-Бартаат замын төрөлд манай тамирчид амжилттай уралдаж байгаа байх аа?
-Бартаат замын төрөл бол мотоспортын цагаан толгой. Энэ төрлөө унтраалгүй явахын төлөө бид зүтгэж байна. Манай тамирчид энэ төрлөөр олон улсын уралдаанд олон удаа амжилттай оролцсон. Бартаат замын олон улсын тэмцээнээс Монголд анх спортын мастер Ц.Миеэгомбо хүрэл медаль авчирсан. Энэ төрлөөр 2007 онд манай тамирчид Ази тивийн багийн аварга шалгаруулах тэмцээний II байр, 2008 онд ОУХМ Э.Халиунболд Ази тивийн аварга болсон. Энэ бол манай мотоспортын түүхэнд алтан үсгээр бичигдэх амжилт. Э.Халиунболдыг 2000 онд мотоспортоор хичээллэж эхлэх үед манай мотоспортынхон төвшингөөрөө Азид 15-д ордог байсан. Найман жилийн дараа гэхэд манай тамирчдын амжилт Азид тэргүүлэх хэмжээнд хүрсэн. Манайхан 2009, 2010 онд Азийн аваргаас мөнгөн медаль авсан. Одоо бол Азид тэргүүлдэг Япон, Тайландын тамирчидтай өгөө аваатай өрсөлддөг. Манай тамирчид бартаат замын төрөлд тэргүүлэх хэмжээнд хүрсэн.
-Холын зайн уралдааны хувьд?
-Холын зайн уралдаан 1995 оноос манай улсад хөгжсөн. Үүнээс өмнө манайх холын зайн уралдаанд оролцдоггүй байсан. 1995 онд Японы SSЕR байгууллагаас 10 хоногийн хугацаатай, 5500 км зам туулах олон улсын холын зайн уралдаан зохион байгуулж, манай шигшээ багийн тамирчид оролцсон. Холын зайн дэлхийн цомын аварга шалгаруулах “Мастер ралли” уралдаанд манай тамирчид 1995- 1997 онд оролцоод үүнээс хойш гадаадад зохиогдсон олон ул сын томоохон уралдаанд оролцоогүй. Дотоодод болж байгаа уралдаануудад тасралтг үй оролцож байгаа. Хөрөнгө санхүү нь байдаг бол хаана ч очсон нүүр улайлгахгүй тамирчид бий.
-Техник хэрэгсэл, хөрөнгө санхүү дутах асуудал байдаг уу?
-Анхан шатны хүүхдүүдийн сургалтын мотоциклийг Техник, спортын төв, манай холбоо хоёр хангадаг. Амжилт нь ахиад, томоохон тэмцээнд оролцоход хүүхдүүдэд сайн мотоцикль шаардлагатай болдог. Тэгэхээр тамирчид хувиараа мотоцикль авах хэрэгтэй болдог юм. 2008 онд дөрвөн мотоцикль авч шигшээ багийн тамирчдад унуулсан. Гадаадын тамирчид нэг мотоциклийг хэдхэн сар унаад сайн мотоцикль авдаг. Манайд тэгэх боломж байхгүй.
-Хүүхэд, залуус мотоспортыг хэр сонирхож, хичээллэж байна вэ?
-Манай шигшээ багийн тамирчин ОУХМ Э.Халиунболд, Х.Тэмүүжин, Б.Ган-Од нар удам дагасан мотоспортын тамирчид. Одоо тэдний араас гарч ирэх тамирчдыг бэлтгэх хэрэгтэй байгаа. Мотоспортын талаар мэдээлэл, сурталчилгаа дутуу байдгаас ч юм уу зорьж ирэх хүүхэд цөөн, ирсэн нэгнийх нь ээж, аав “Аюултай спортоор хичээллүүлэхгүй” гэж хорих хандлага байдаг. Бид хүүхдийг багаас нь хичээллүүлэх сонирхолтой. Тэ гээд аль болох эцэг эхчүүдэд хүндрэл үзүүлэхгүйн тулд унаагаараа очиж аваад, хүргэж өгдөг.
-Ер нь аюултай спорт гэдэг нь үнэн биз дээ?
-Эхлэн хичээллэж буй хүүхдүүдэд айх аюул бага шүү дээ. Хүчин чадал багатай мотоциклоор аюулгүй зам дээр сургуулилалт хийдэг. Мотоспортын тамирчид амжилт нь өсөх тусам эрсдэлтэй зам руу тэмүүлдэг болохоор амжилттай яваа тамирчид бэртэж гэмтэх явдал гардаг. Мотоспорт сонирхож байгаа хүүхдүүдээ битгий хориорой гэж хэлмээр байна. Сайхан спорт шүү дээ.