
Оройн дээд шүтээн Очирваань хайрханаараа овоглосон Завхан аймгийн ЗДТГ-ын санаачилгаар “Завханы өдрүүд” арга хэмжээ энэ сарын 11-нийг дуустал зохиогдоно. Ардын хувьсгалын баяр наадамтай давхцаж байгаа “Завханы өдрүүд”-ийг нээж, 999 морин хуурчдын тоглолт Их жанжин Сүхбаатарын талбайд боллоо. Тоглолтын салхийг хагалж Чойдогийн хөгжим “Жалам хар” аялгууг Өсвөрийн морин хуурчдын V уралдааны тэргүүн байрын шагналт Б.Дэмбэрэлсүрэн эгшиглүүлэв.
Үүнээс гадна “Үүлэн бор”, “Очирваанийн эгшиглэн”, “Монгол аялгуу”, “Дуут нуур” зэрэг олон сайхан бүтээл үзэгчдийн сонорыг мялаалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчууд авьяастай, зоригтой, хийморьтой ард түмэн. Анх удаа нэг аймгаас ийм олон өсвөрийн морин хуурч тоглолт хийж байгаа нь Монголын урлагт нэгэн шинэ хуудас нээсэн явдал боллоо. Монгол айл бүрийн хойморт морин хуур залагдаж, Монгол Улсын өнцөг булан бүрт эгшиглэж байх болтугай” гэв.
Ардын язгуур урлаг, урлаг соёлын өв уламжлалаа хойч үедээ өвлүүлэх үүднээс Завхан аймаг “Гурван тулгуурт бодлого” хэрэгжүүлж иржээ. Гурван жилийн өмнөөс Засаг даргын Тамгын газрын харьяа морин хуурын чуулга, сумдынхаа Засаг даргын Тамгын газрын дэргэд морин хуурын хамтлаг байгуулсан байна. Завхан аймаг 24 сумаасаа 6-18 насны 1220 морин хуурч, 54 сургагч багш нар энэ наадамд сэтгэл зүтгэлээ гаргаснаас шигшмэл 999 нь л оролцож байгааг Аймгийн Засаг дарга Я.Санжмятав ярьж байсан. Мөн тэр бээр “Морин хуур бол Монголын үнэт өв, энэ бяцхан хүүхдүүд ч эцэг эхийнхээ төдийгүй Монгол Улсын эрдэнэ.
Ийм учраас хуурчдын тоогоо шижир алтны сорьцыг бэлгэдэн 999 болгосон учиртай. Оролцож чадаагүй нутагтаа гонсгор үлдсэн 300 гаруй хүүхэд бий” гэлээ. Зургаан настай хамгийн жаахан морин хуурчийн хөл сандлаасаа газарт хүрэхгүй суугаа нь үзэгчдийн эгдүүг ихээхэн хүргэж байсан юм.
О.НАМЧИН