Леонардо да Винчийн “шинэ” бүтээлийг саяхан олсон тухай дэлхийн хэвлэл
мэдээллээр шуугисан. Энэ тухай бид өчигдрийн дугаартаа товчхон мэдээлсэн. Шинэ хэмээн тодотгосон учир нь тэрхүү зургийн үнэн түүхийн тухай хэдхэн судлаач л мэдэж байсан аж. “Ертөнцийг аврагч” нэртэй уг зургийг 1958 онд дуудлага худалдааны үеэр танилцуулсан ч шинжээчид танилгүй алдсанаас болж сураг нь тасрахад хүрчээ. Гэхдээ 2000 онд болсон нэгэн дуудлага худалдаагаар Нью-Йоркийн уран зургийн худалдаачин, цуглуулагч Роберт Саймон авсан гэдэг ч үүнээс хойш сураг нь тасарсан тул үрэгдэж, алга болсон хэмээн таамаглаж байв. Гэтэл Р.Саймон уг зургийг тэрхүү бүтээл Леонардо да Винчийнх мөн эсэхийг тогтоолгохоор шинжээчдэд ханджээ.
Нью-Йоркийн “Метрополитан” музей болон Лондоны Үндэсний галерейн дөрвөн шинжээч энэ бүтээл да Винчийн “Ертөнцийг аврагч” мөн болохыг батлав. Гэхдээ зургийг эх бүтээл гэж танигдуулахгүйн тулд сэргээн засварлахдаа хуулбар мэт харагдуулахаар болгосныг шинжээчид тогтоож, “Ертөнцийг аврагч”-ийн жинхэнэ төрхийг гаргажээ. Өнгөлөн далдлалтаар эх зургийн 75 хүртэлх хувийг засаж, янзалсан байж. 66х47 см хэмжээтэй “Ертөнцийг аврагч”-ийг Францын XII Людовик хааны захиалгаар 1506-1513 онд бүтээсэн гэдэг.
Иисус Христосыг дүрсэлсэн да Винчийн зургийн арга барилыг XV-XVI зууны Европын уран бүтээлчид түгээмэл хэрэглэдэг байжээ. Ийм хэлбэрээр “Ертөнцийг аврагч”-ийг Ян ван Эйк, Альбрехт Дюрер, Тициан нар бүтээсэн өдгөө Эрмитажид хадгалагддаг. Ирэх арваннэгдүгээр сарын 9-нд Лондоны Үндэсний галерейд болох үзэсгэлэнгийн үеэр “будаг шунхгүй” “Ертөнцийг аврагч”-ийг олонд танилцуулах юм байна.
Э.ХАНА