Тулгар төр байгуулагдсаны 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805,Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн түүхт ой давхцаж буй энэ үед БСШУЯ, АНУ-ын судлаач, ноён Дон Лессем, Монголын Үндэсний Музей, Монголын Урлагийн зөвлөл хамтран дэлхийг тойрч буй “Чингис Хаан” үзэсгэлэнг 2011 оны 7 дугаар сарын 10-наас 10 сарын 10-ны хооронд Монголын Үндэсний Музейд үзэгч олондоо толилуулах гэж байна.
Үзэсгэлэнгийн гол зорилго нь Чингис хааныг цэргийн гарамгай жанжин, дэлхийг байлдан дагуулагч гэдэг талаас нь бус, улс төрийн зүтгэлтэн, дипломатч, шударга ёсыг тогтоогч, суу билэгтэн зэрэг бүх талаас нь нарийн харуулахад оршиж байгаа ажээ. Гурван сарын турш үргэлжлэх уг үзэсгэлэнд эзэнт гүрний түүхтэй холбоотой нийт 150 гаруй үзмэрийг дэлгэн тавихаас гадна анх удаа гадаадын хувь цуглуулагчийн үзмэрийг үзэгчдийн өмнө үзүүлж байгаагаараа онцлог юм байна. Мөн үзэсгэлэнг технологийн өндөр түвшинд дуу дүрс, техникийн гайхамшгийг мэдрүүлэх ажээ. Чингис хааны үлдээсэн ул мөрийг судлах, дэлхийд таниулах, сурталчлах ажлыг олон хэлбэрээр явуулж байгаагийн нэг нь энэхүү үзэсгэлэн юм. “Чингис Хаан” үзэсгэлэнг үзэж сонирхсоноор Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүх, соёлтой танилцаж, эх түүхээрээ бахархах сэтгэгдэл төрнө гэдэгт зохион байгуулагчдын зүгээс эргэлзэхгүй байгаа гэнэ.
Б.Мянганзул