Японы мэргэжлийн сумо бөхийн барилдааныг монголын үндэсний бөхийн мэхтэй хослуулан шинэ төвшинд гаргаж чадсан монгол сумочдын ихэнх нь амьдралын ханиараа япон бүсгүйг сонгосон. Харийнхны цусыг сэлбэж, монгол бүсгүйчүүдээ басамжиллаа гэх дургүйцэл ард олны дунд төрсөн байх үед Харүмафүжи Японы Иватэгийн их сургуулийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн даруухан монгол бүсгүйтэй сүй тавьж, чихэнд чимэгтэй мэдээ дуулган, монголчуудынхаа магнайг тэнийлгэсэн. Тэд өнгөрсөн сарын 15-нд найзуудтайгаа охиныхоо төрсөн өдрийг нижгэр тэмдэглэжээ. Сумогийн дэвжээнд монголчуудын найдвар тавиад буй ирээдүйн их аваргыг 5-р сарын 28-нд хуримаа хийхээр товлосныг Сумогийн холбоо хойшлуулжээ. Учир нь мэргэжлийн сумогийн холбоонд шийдвэрлэх олон асуудал гарсан тул ийн хойшлууллаа хэмээн шалтаг тоочиж байгаа аж.