Ийм нэртэй реалити шоуг “Их нүүдэл Монгол медиа нэгдэл” , “Говь эксплорэйшн” компани санаачлан “Экс энтертэйнмент”, “Скай пирамид” “Боловсрол” телевиз хамтран зохион байгуулж байна. Монголын байгаль, өв соёлтой танилцах зорилготой уг арга хэмжээний талаар зохион байгуулагчдын нэг “Их нүүдэл Монгол медиа нэгдэл” ХХК-ийн продюссер Х.Очирбаатараас тодрууллаа. -Энэ шоуны онцлог юу вэ? -Монголд анх удаа англи хэлээр явуулж буй гэдгээрээ онцлог. Оролцогчдыг тус бүр гурван хүнтэй таван багт хувааж, Хустайн нуруу, Хөгнө Хан, Эрдэнэ зуу хийд, Тайхар чулуу, Тэрхийн цагаан нуур, Зүүн нуур, Урантогоо, Хөвсгөл нуур, Орхон, Дархан-Уул аймгаар аялуулах юм. Багийн гишүүний нэг нь англи хэлтэй монгол хүн, нөгөө хоёр нь гадаадын иргэн байна. Бүртгэл дуусах шатандаа явж байгаа. Шоунд Унгар, Алжир, АНУ, Англи, Япон, Колумб зэрэг улсын иргэн оролцохоор бүртгүүлсэн. Хөдөө хээрээр явах учир 20-45 насны, ачаалал даах чадвартай, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх шалгуур тавьсан. Бид энэ сарын 16-нд аялалд гарна. Нийт 2000 километр газарт 10 хоног аялах төлөвлөгөөтэй. Аяллын явцад оролцогчид янз бүрийн сонирхолтой даалгавар гүйцэтгэж, ялах бүртээ нэг пайз хожих ёстой. Шоуны төгсгөлд хамгийн олон пайз цуглуулсан нь ялагчаар тодорно. Бид нэвтрүүлгээ ирэх наймдугаар сарын дундуур “Боловсрол” телевизээр үзэгчдэд хүргэнэ. -Шоуны ялагчийг ямар шагнал хүлээж байна вэ? -Тэргүүн байрын эзэн монгол баатрын хувцас, үндэсний тоглоом наадгай, гоёлын үнэт эдлэл зэрэг 15.000 ам.долларын үнэ бүхий зүйл гардан авна. Дэд байрын шагналтан 1500 ам.долларын үнэ бүхий зүйлээр шагнуулна гэв.
Э.Сүнжид