Жуулчдын анхаарлыг ихээр татаж, тэдний үзэхийг хамгийн их хүсдэг зүйлийн нэг нь Монгол түмний уламжлалт баяр наадам. Ялангуяа төрийн тэгш дөрвөн ой тохиосон энэ жилийн наадмыг үзэхээр анх удаа Монголыг зорин олон хүн иржээ. Тэдний заримтай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.
Пол Кирквүд, Лөүн Кирквүд (Дани)
-Бид Монголд анх удаа ирж байна. Өнөө өглөө (долдугаар сарын 11-нд) онгоцноос буусан. Сая наадмын нээлт үзээд гарч ирлээ.
-Монгол наадам ямар санагдаж байна?
-Маш сонирхолтой. Нээлтийн ёс лол нь зохион байгуулалт сайтай, өнгөлөг, сайхан боллоо. Бүжиг нь гайхалтай сайхан санагдсан. Наадмын талаар багагүй сонсож байсан ч ирээд нүдээр үзэхэд огт өөр байна. Монгол хүмүүс их найрсаг юм. Бид маргааш говь болон хөдөө аймгуудаар явж, аяллаа үргэлжлүүлнэ. Тэгэхээр Монгол орны талаар илүү их зүйлийг үзэж, харж, мэдэж авах байх аа.
Крис Броун (Токио)
Монголын төрийн далбааны зураг бүхий хуулга наалгахаар хүлээж байхад нь түүнтэй уулзсан юм.
-Намайг Крис гэдэг. Би НьюЙорк хотын иргэн. Гэхдээ Токио хотод ажиллаж, амьдардаг. Наадам надад маш их таалагдлаа. Би ирэхээсээ өмнө наадмын талаар нэлээд судалж, уншсан. Гэвч бодитоор нь үзэх гайхалтай санагдаж байна.
-Та Монголд өмнө нь ирж байсан уу?
-Танай оронд анх удаа ирж байна. Өмнө нь Монголын талаар төдийлэн мэддэггүй байсан ч энэ агуу түүхтэй улсад ирж үзэхийг хүсдэг байсан. Харин энэ жил хүсэл минь биеллээ. Ирээд говиор зургаан өдөр явлаа. Говиор явж байхдаа би Монголын хүн амын 47 хувь нь хөдөө амьдардаг гэдгийг олж мэдсэн. Энэ бол монголчуудын нүүдлийн соёлоо хадгалж буйн гол үндэс нь болов уу. Байгаль, уул ус нь үзэсгэлэнтэй, түүх соёл нь гайхамшигтай энэ орон үнэхээр таалагдаж байна. Наадмын дараа аяллаа өөр олон газраар явж үргэлжлүүлэх бодолтой байгаа. Мөн жуулчдыг энэ сайхан оронд заавал ирж үзээрэй гэж уриалмаар байна.
Жон Смит (АНУ)
-Би Монгол наадмыг гурав дахь жилдээ үзэж байна. Энэ жилийн наадам миний үзэж байснаас хамгийн сайхан нь. Ялангуяа, нээлтийн ажиллагаа, урлагийн тоглолт нь үнэхээр таалагдсан. Яг л монголчуудын соёл уламжлал, түүхийг харуулж чадсан юм шиг санагдсан. Олон ой давхацсан наадам болоод ч тэр үү, илүү өвөрмөц, зохион байгуулалттай болж хэмээн хувьдаа дүгнэж байна. Жил жилийн наадмаар би есөн хөлт цагаан туг залах ёслолыг үзэж, хуушуур идэх дуртай. Үүнээс огтхон ч уйддаггүй хэмээн ярилаа.
Наадмын үеэр манай оронд ирсэн жуулчдын тоог хараахан гаргаагүй байгаа ч Монголыг зорин ирэх гаднынхны тоо өмнөх жилтэй харьцуулахад нэлээд нэмэгджээ. БОАЖЯ-наас гаргасан тооцоогоор энэ оны эхний хагас жилийн байдлаар ирсэн жуулчдын тоо 230 мянгаас давсан. Энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 10.5 хувиар өссөн гэсэн үг юм.
Р.Оюун