- Та “Дуу төрсөн түүх”, “Энэ миний амьдрал” гээд үзэгчдийн сонирхож үздэг нэвтрүүлгийг хөтөлдөг. Нэвтрүүлэгтээ саяхан ямар хүн урьж оролцуулав?
- Яруу найрагч Ш.Гүрбазарын шүлэг, төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын хөгжим, дуучин Ж.Алтанцэцэгийн дуулсан “Будан суухаас нь өмнө” дуу, мөн “Энэ миний амьдрал” нэвтрүүлэгтээ “Синг” хамтлагийн ахлагч Оргил хэмээх залууг урилаа.
“Дуу төрсөн түүх” нэвтрүүлэгт уригдсан олон уран бүтээлч бий. Тэр дундаас дуучин Ш.Чимэдцэеэгийн “Тэнгэр ээж минь өршөө” дууны түүх сонирхол татсан. Тэрбээр “Шүүдрийн дуслыг цуглуулбал ээжийнхээ ачийг хариулдаг юм гэнэ лээ” гэдэг үгийг сонсоод, нэг өглөө гэрээсээ гарч, шүүдрийн дусал арай гэж цуглуулаад ээждээ “Би таньд шүүдрийн дуслаар цай чанаж өгье” гэхэд ээж нь “Надад шүүдрийн дусал цуглуулж яах нь вэ.
Чи ажлаа сайн хийж байвал миний ачийг хариулж байгаа нь тэр” гэж. Дуучин маань ээжийнхээ ачийг хариулъя даа гээд их боддог байж. Нэг шөнө унтаж байтал санаанд нь хэдэн мөр буухад цаасан дээр тэмдэглэж авснаар энэ дууныхаа шүлгийг бүтээсэн гэдэг. Энэ дуу нь олны дуртай дуу болон түгэхэд ээж нь “ Ээж нь охиндоо башийлаа” гэж хэлэхэд Чимэдцэеэ гуай их баярласан аж. Ээжийнх нь бие муудахад тэрбээр хөдөө очиж, асарч байхдаа нэг шөнө “Тэнгэр ээж минь өршөө” нэртэй тоглолтоо ард түмэндээ өргөн барихад ээж минь эдгэрч байна гэж зүүдэлжээ.
Тэгээд зүүднийхээ тухай ээждээ хэлтэл “Миний охин надад хоргодоод яах вэ. Ард түмэндээ тоглолтоо толилуул” гэжээ. Тэрбээр хэлснээр нь “Тэнгэр ээж минь өршөө” тоглолтоо хийгээд, ээж дээрээ иртэл бие нь төдийлөн дээрдэхгүй байсаар ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Гэсэн ч дуучин маань ээжийгээ амьдад энэ дуугаа, өөрийн бие даасан тоглолтоо ард түмэндээ өргөж, дуун суварга босгож чадсандаа их баярлаж явдаг аж.
Энэ дуу хэрхэн бүтсэн түүхийг хүмүүс үзчихээд манай телевиз руу утасдаж “Ийм сайхан дууны түүхийг олонд хүргэсэн та бүхэнд баярлалаа. Энэ нэвтрүүлэг маш их таалагдлаа. Хойшдоо үзэж байх болно” гээд хэлж байсан шүү.
- “Энэ миний амьдрал” нэвтрүүлэгт уригдсан зочдоосоо үлгэр дуурайл авдаг уу?
- Тийм ээ. Энэ нэвтрүүлэгтээ ажил үйлс нь өөдрөг, хамт олноо манлайлж яваа олны танил хүмүүс уригддаг. Миний хувьд өмнөх нэвтрүүлэгт оролцсон зочдоосоо хэлсэн үгэндээ эзэн болж, хийж буй ажилдаа сэтгэл гарган хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрч болдог юм байна гэдгийг олж харсан.
Надад “ Тусгай салаа” олон ангит киноны Номингийн дүрд тоглосон Гэрэлчулууны нэг өдрийн амьдрал сонирхолтой санагдсан. Тэрбээр баймгүй их ажил амжуулж байсан.
Зочин маань үдийн цайгаа уунгаа “TV Zone” сэтгүүлд ярилцлага өгч,дараа нь Сүлдийн дүрд тоглосон Алтанхуягтай хамт “Могжоохон” хүүхдийн тоглоомын газарт сурталчилгааны зураг авахуулсан. Орой нь загварын шоунд оролцсон түүний нэг өдрийн ажил 22 цаг гэхэд өндөрлөсөн. Хүн завгүй байх тусмаа олон ажил амжуулдаг юм байна гэдгийг их мэдэрсэн.
- Телевиз сонины ажил хэцүү, амрах завгүй ажилладаг шүү дээ. Таны ажлын нэг өдөр хэрхэн өрнөдөг вэ?
- Миний ажлын нэг өдөр үавгүй өнгөрдөг. Зураг авалтад гарна, дараа нь мэдээ уншина, нэвтрүүлэг хөтөлнө, монтажлаж, эвлүүлэг хийнэ гээд л мандах нарнаар ажил өрнөж, орой 22 цагийн үед гэрийн бараа хардаг.
- Ойрд найзуудынхаараа зочилж, сайхан яриа өрнүүлэв үү?
- Найзуудтайгаа уулзах зав тун ховор гардаг. Тэд маань над шиг завгүй ажилтай. Намайг завтай өнжсөн өдөр тэд ажилтай, тэднийг амарсан өдөр би ажиллаж байх жишээтэй. Хааяа уулзалдахаараа бие биедээ туньж, гомдоллодог юм. Саяхан бид нэг аятайхан газар ярьж хөөрч суусан. Сүүлийн үед бидний ярианы сэдэв өөрчлөгдөж, ажил хэрэг, нийгмийн амьдрал, улс орны хөгжил дэвшил, хүмүүсийн амжилт бүтээлийн тухай ярилцдаг болсон шүү.
- Та гэр бүлийн амьдралд хөл тавьсан уу?
- Үгүй ээ,одоохондоо гэрлэж амжаагү л явна. Миний хувьд залуу насандаа олон зүйлийг амжуулахаар зорьж байгаа. Эмэгтэй хүн 25 наснаас хойш гэрлэбэл амьдралд барьц алдахгүй гэж боддог. Энэ насандаа аливаа зүйлийг олон талаас шүүн тунгааж, зөв дүгнэлт хийх чадвартай болсон байдаг.
Амьдралаас харж байхад эмэгтэй хүний үүрэг хариуцлага их, нуруун дээрээ олон ачааг нэгэн зэрэг үүрдэг юм шиг санагдсан. Хэрвээ би гэр бүлтэй байсан бол телевизийн ажлыг өдий зэрэгтэй хийж чадаа ч бил үү.
- Тэгэхээр амьдралаа төлөвлөчихсөн байх нь ээ?
- Амьдралаа сар,жилээр нь төлөвлөөгүй л дээ. Цаг хугацаатай уралдаж, ойрын жилүүдэд тийм ийм зүйл амжуулна гэсэн хэтийн төлөвлөгөө байдаг. Амьдрал оньсого шиг болохоор хэнд, хэзээ, хаана юу тохиолдохыг таашгүй шүү дээ. Гэхдээ амьдралд гэр бүл төлөвлөлт зайлшгүй байх ёстой зүйлийн нэг гэж боддог.
- Танд чөлөөт цаг гардаг уу?
- Би ням гаригт амардаг. Амралтынхаа өдрөөр гэрийнхэнтэйгээ салхинд гардаг. Хааяа усанд сэлнэ, боулинг тоглоно. Манай нэвтрүүлэгт оролцсон уран бүтээлчид гарын үсэгтэй номоо надад дурсгадаг. Сүүлийн үед номын сан маань шинэ бүтээлүүдээр баяжсан болохоор ном унших сонирхолтой болоод байгаа.
- Амьдралдаа баримталдаг зарчим?
- Монголчууд “Ажил хийвэл дуустал” гэж ярьдаг даа. Би аливаа ажлыг эхлүүлсэн бол үр дүнг нь заавал харж байж сая санаа амардаг зантай.
- Та бусдад хэр нээлттэй вэ?
- Нээлттэй, нээлттэй. Хөтлөгч хүн өөрийгөө бүрэн нээж байж нэвтрүүлгийнхээ зочидтой ярилцана шүү дээ. Хүмүүсийн сэтгэл рүү өнгийж, дотоод ертөнцийнх нь хаалгыг нээнэ гэдэг амаргүй. Хөтлөгч хүн бусдыг ярих урлагт хөтөлж чадахгүй бол өөрийгөө нээж чадаагүй гэсэн үг.
- Тэгвэл таны дотоод сэтгэл өнгийвөл ямар үзэл бодол, зан араншинтай хүн байх бол оо?
- Би ямар ч хүнтэй эвтэй найрсаг харьцахыг хүсдэг. Өөрийнхөө хүлээцтэй, тэвчээртэй зангаар бахархдаг. Ямарваа асуудалд шийдвэр гаргахдаа сэтгэл зүрхнийхээ үгийг чагнадаг. Надад дотоод ертөнцтэйгөө зөрчилдөх тохиолдол бишгүй л гардаг. Хааяа сэтгэлийнхээ догдлолоор шийд гаргах тохиолдол ч бий. Гэхдээ буруудаж байсан нь ховор. Зарим хүний хэт хашир зан, сэтгэлээ барьж, хянаж буй байдал надад тийм ч таатай санагддаггүй.
- Залуу хүнтэй ярилцаж байгаа болохоор хайрын тухай ярилцалгүй өнгөрмөөргүй санагдлаа л даа?
- Хайр бол хорвоо дэлхий дээр утга учир, аз жаргалтай амьдрах амьдралын эхлэл гэж боддог. Эх, үрийн хайр, эх орноо хайрлах хайр гээд хайр өргөн хүрээг хамардгаараа дурлалаас ялгаатай. Дурлал бол өнгөцхөн шохоорхол төдий зүйл. Өнөөдөр гэхэд нэг сайхан залуу дурлаад маргааш гэхэд мартаж болох шүү дээ.
- Найз залуутай биз дээ?
- Байсан. Одоо эргэцүүлээд бодож байхад хайр биш дурлал байсан юм шиг ээ. Гэхдээ дурлаж, догдолж явсан он жилүүд минь надад сайхан дурсамж үлдээсэн шүү.
- Таны таалалд ямар залуу нийцдэг юм бэ?
- Би найзуудтайгаа уулзаад ирээдүйн хань болох залуу маань тийм,ийм байх ёстой гээд хэлэхээр “ Өө, чиний яриад байгаа шиг төгс хүн хаанаас олдох юм бэ. Таалалд чинь нийцэх хүн байхгүй” гэж зэмлэдэг юм. Эр хүн заавал төгс байх албагүй л дээ. Гэхдээ гэр бүлдээ хайртай,ухаалаг, мэдрэмжтэй, амьдралаа бусдаас дутахгүй аваад явчих чадвартай, зорилгынхоо төлөө тууштай зүтгэдэг,ямарваа асуудалд зөв шийдвэр гаргадаг байх хэрэгтэй.
- Эрчүүдээс юуг түрүүлж олж хардаг вэ?
- Харилцааны соёл, гадаад үзэмж, олны дунд биеэ авч яваа байдлыг нь хардаг.
- Аливаа асуудлыг шийдэхдээ гэр бүл, найз нөхдийнхөө алинтай нь илүү зөвлөлддөг вэ?
- Гэрийнхэнтэйгээ, тэр дундаа ээжтэйгээ зөвлөлдөх дуртай. Миний ээж их ухаалаг дайчин хүн бий. Бидний төлөө бүх зүйлээ харамгүй зориулж яваа. Би ээжийнхээ занг дуурайсан. Өөрийгөө мартаад бусдын төлөө зүтгэдэг сайхан сэтгэл ээжид минь бий.
- Таны хэлэх дуртай үг?
- Үг үлдээх нь хөрөнгө үлдээхээс илүү гайхамшигтай. Өөрийгөө өргөмөөр бол бусдыг өргө. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэл.
- Ажлын эрч хүчээ хаанаас авдаг вэ?
- Хийж байгаа ажил, хамт олныхоо сайхан уур амьсгалаас олж авдаг.
- Үеийнхээ залууст хандаад урмын сайхан үг хэлэхгүй юу?
- Сайхан амьдрах боломж танд бий. Ухаантай амьдарч чадвал аз жаргал дэргэд чинь байгаа. Өөртөө итгэлтэй, ухаалаг хүмүүсийг сайн хар, дагаад хөдөлмөрлө, ядаж сайн сайханд хүрэх гарцыг олж харна шүү.