ДАЛД ЕРТӨНЦ БУЛАН
Түүнийг гаргаж өгөөд ирлээ. Түүнтэй хожуу учирч хагацаж салах тавилантай байсан бололтой. Тэр минь сайхан сэтгэлтэй үзэсгэлэнтэй бүсгүй. Одоо миний хүүхдийг тээж яваа. Гэхдээ миний амьдралыг бусниулахгүй гэсэндээ яваад өглөө. Бид дахин уулзахгүй. Анх удаа эхнэрээ үзэн ядах шиг... би багадаа намар болохоор хөх шүдтэй явдаг сан.
Учир нь манай хөршийнх нэрс түүж чанамал хийдэг байсан юм. Хөршийн охин гэрийнхнээсээ нууж надад нэрснээсээ тэр ч байтугай чанамлаас нь хүртэл өгдөг байж билээ. Би гэрээсээ талх гарч гараад эсрэг талын гудамжны байрны саравчинд очиж мөнөөх жимсний чанамалаа иддэгсэн. Харин эмээдээ ч өгдөггүй байсан юм. Байнга өлсөж явдаг болохоороо дорхноо идээд дуусгачихдаг байлаа.
Манай хойд ээж намайг идэмхий мангас гэж загнаж,аавын байхгүй үед эмээ бид хоёрт хоол өгдөггүй байсан юм. Тэр эмэгтэй төрөхийн хүндрэлээс болж нас барсан ээжийн минь ээж, миний эмээг бүр ч үзэхгүй. Охиныхоо толгойг залгисан өөдгүй амьтан гэж хэлж байхыг нь хүртэл сонссон юм даг.
Би тавдугаар ангид байхдаа насанд хүрэнгүүтээ эмээгээ аваад энэ айлаас явна, бас хөршийнхөө охинтой гэрлэнэ гэсэн зорилго тавьж билээ. Аравдугаар анги төгсөнгүүтээ ажил хийж, бас ааваасаа дэмжлэг аваад эмээтэйгээ тусдаа гарсан юм. Эцэг нэгтэй дүү нар минь биднийг явахад баяртай ч гэж хэлээгүйг мартдаггүй. Би заавал амжилтад хүрч, тэднээс илүү сайхан амьдарна гэж боддог байсан. Санаандаа ч хүрч чадсан.
Хэрэв аав минь байгаагүй сэн бол би зорьсондоо хүрэхгүй байсан байж магадгүй. Аа тийм. Нэг зорилгоо биелүүлээгүй юм байна. Хөршийнхөө охинтой гэрлэсэнгүй. Би нүүснээсээ хойш түүнтэй нэг ч удаа тааралдсангүй. Яагаад түүнтэй гэрлэнэ гэж боддог байснаа мэдэхгүй юм. Бодвол нэрс өгдөг болохоор нь түүнд сайн байсан биз. Бусдын жимсийг горьдож суудаг бага насны хүнд амьдрал хэдийнээ ард хоцорчээ.
Аав, хадам хоёрынхоо дэмжлэгтэйгээр байгуулсан компани минь хөл дээрээ зогсож, дутагдаж гачигдах зүйлгүй дажгүй аж төрж байна. урт насалж байгаа эмээ минь надад, бэрдээ ч сэтгэл хангалуун байдаг. Одоогоос жилийн өмнө олон улсын хуралд сууж байхдаа тэр эмэгтэйтэй тааралдсан юм.
Ухаалаг сайхан яриа хөөрөөтэй, ажил хэрэгч, боловсролтой тэр эмэгтэйг эхлээд хөршийн маань охин гэж таньсангүй. Чөрийсөн туранхай, байнга үс нь сэгсийчихсэн явдаг байсан мөнөөх охин танихын аргагүй үзэсгэлэнтэй хүүхэн болжээ. Түүнийг анх харангуут нэг л дотно санагдаж яриа өдөж билээ. Хурлын завсарлагаанаар түүнтэй танилцлаа.
Хүний амьдралын хорин жил гэдэг урт хугацаа юм даа. Бие биенээ танихгүй болтлоо өөрчлөгдөх гэж... Тэгэхэд арван хэдтэй байсан хүүхдүүд одоо 40 шахаж байгаа болохоор аргагүй биздээ. Бид аажмаар уулзаж, нэг л мэдэхэд нууц амрагууд боллоо. Хотын захын дүүрэгт нэг байр хөлсөлж, авав. Хоёулаа зав гарвал тэнд уулзаж, ухаанаа алдтал амрагладаг байлаа.
Нэг дээвэр дор амьдрах тавилангүй гэдгээ мэдрэх тусам түүнд шунадаг байсан юм. Халуухан амрагаа үнсэж үнгэж, хорвоогийн жаргалыг амталж хэвтэхдээ бүгдийг мартаж орхидогсон. Түүнээс багадаа идэж байсан нэрсний амт мэдрэгдэж үнэртэх шиг санагдаж билээ. Хүүхний нөхөр нь бага зэрэг балгадаг ч халамжтай,ганц охиндоо ухаангүй хайртай аж. харин манай эхнэг санаанд багтамгүй авир гаргажээ.
Тэр намайг байнга мөрдөж, тэр ч байтугай бидний хөлсөлсөн байрны түлхүүрийг надаас сэмхэн авч хувилан, тэнд дуу хураагуур нууцаар тавьсан аж. Эхнэр маань хүүхнийг мөшгиж түүнтэй уулзан бичлэгээ сонсгожээ. Энэ тухай миний эхнэр санаатай эмэгтэй өөрөө надад хэлээд, “Тэр хүүхэнтэй уулзаж бүх баримт нотолгоог үзүүлсэн. Өөдгүй амьтан. Хэрэв миний нөхрөөс холдохгүй бол хэлтсийнхэнд нь бичлэгээ сонсгоно гэсэн чинь айж байх шиг байна лээ. Ийм ч олон улсын байгууллагын хэлтсийн дарга байх гэж” хэмээдэг байна шүү. Би эхнэрийнхээ өмнөөс ичих шиг боллоо. Мөнгөтэйгөө гайхуулах гэсэн юм шиг хувийн мөрдөгч хүртэл хөлслөн авсан байгаа юм.
Харин амраг бүсгүй минь энэ бүхэнд маш ухаалаг хандсан даа. Тэр, “Бидний салах цаг болжээ. Би чамаас хүүхэдтэй болсон. Уг нь гаргахгүй гэж бодсон юм. Одоо бол гаргана. Хэзээ нэгэн цагт хүүхдийг чинь чамтай уулзуулна. Бид дахиж уулзсны хэрэггүй” гэж хэлсэн юм.
Миний хүүхдийг төрүүлэхээр шийдсэнд нь ямар их баярласнаа үгээр илэрхийлэхэд хэцүү байна. Би эхнэрээсээ сална. Нөхрийнхөө хойноос мөрдөж тагнадаг, нарийн нууцыг нь сэмхэн чагнадаг эхнэр надад хэрэггүй.