Өөр өнцөг булан
Анхны нөхрөөсөө салаад удаагүй байхад найз хүүхэн маань намайг ирээдүйн хүүхдийн маань эцэгтэй танилцуулсан юм. Миний анхны нөхөр сайн хүн байсан хэдий ч тэр багадаа хүнд өвдсөний улмаас хүүхэдтэй болж чадахгүй болжээ.
Би түүнд асрамжийн газраас хүүхэд өргөж авъя гэхэд тэр өөрөө татгалзаж, улмаар надаас салж, хоёр хүүхэдтэй хүүхэнтэй гэрлэсэн юм. Түүнээс салаад нэг хэсэгтээ л их гунигтай, эвгүй байж билээ. Тэгээд ч тэр үү найзынхаа танилцуулсан өндөр, биерхүү, тамирчин байрын тэр залуутай дорхноо дотносож, нэг мэдэхэд түүнтэй хамт амьдрах болов.
Сайхан дуулдаг, гитар сайн тоглодог түүнтэй хамт байхад цаг дорхноо өнгөрдөг байлаа. Бас их янаг. Бид эцэж цуцахыг мэдэхгүй өдөр бүр үүр цайтал цэнгэл эдэлдэг байсан юм. Ингэж байтал би жирэмсэн боллоо. Ямар их баярласнаа үгээр илэрхийлэхийн аргагүй байв. Найз залуу минь ч баярлаж, “Өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаад надтай гэрлэнэ” гэж хэллээ.
Тэр надтай танилцахаасаа өмнө эхнэртэй байсан юм. Эхнэр нь өөр хүнтэй зугаалснаас болж арга буюу гурван хүүхдээ орхин салахаар шийдсэн гэдэг. Тэр байнга хүүхдүүдээ эргэж, заримдаа тэднийгээ дагуулж амралтад яваад ирдэг байлаа. “Хүүхдүүдээ танилцуулахгүй юм уу” гэхэд “Тэгнэ ээ. Шинэ хүнээ мэндэлсний дараа нэгмөсөн танилцуулъя” гэсэн юм.
Өнгөрсөн бямба гаригт бид хоёрыг дэлгүүрт явж байтал нэг эмэгтэй тааралдлаа. Гуч гаруй насны нүдэнд дулаахан сайхан хүүхэн байсан юм. Тэр хүүхэн бидэнтэй мэндлээд цааш эргэн явангуут намайг юу ч асуугаагүй байхад найз залуу минь “Манай орцны хуучин танил байгаа юм.
Би түүнд нэг юм хэлэх ёстой байснаа мартчихаж. Араас нь гүйцэж очоод хэлье. Чи авах юмаа аваад харьж бай” гэв. Харин тэр эмэгтэй орцны жирийн нэг танил биш хуучин эхнэр нь байсныг би хожуу мэдсэн юм. Энэ явдлаас хэд хоногийн дараа тэр “Хүүхдүүдийн ээж сарын хугацаатай томилолтоор гадагшаа явах гэнэ. Би хэд хоног хүүхдүүдтэйгээ байя” гэж хэллээ.
Хүүхдүүдээ ингэж халамжилж байхад нь яахин татгалзах билээ. Үүнээс хойш гурав ч хоног өнгөрлөө. Нэг орой дэлгүүрт тааралдсан өнөөх эмэгтэй манай ирэв. Эмэгтэй, “Уучлаарай. Түүний аав, хүүхдүүдийн минь өвөөгийн бие нь өдрөөс өдөрт улам муудаж байна. Тэрнийг аавыгаа бүр дор орохоос нь өмнө очиж уулзаач гэж хэлэх гэсэн юм” гэв.
-Та манайхыг яаж олж ирсэн юм бэ?
-Түүний найз нь зааж өгсөн
-Тэр таныг томилолтоор гадагшаа явсан гэсэн. Тэгээд хүүхдүүдтэйгээ хэд хоног цуг байя гэсэн шүү дээ.
-Үгүй дээ. Би худалдагч хүн. Надад томилолтоор явах шаардлага байхгүй. Хүүхдүүдийг түүний аав хардаг байсан юм. Одоо манай ээж харж байгаа.
Эртээр тантай цуг явж байхад тааралдсаны дараа би аавынх нь бие муу байгааг хэлсэн. Удахгүй очино гэчихээд алга болчих юм. Аав нь хүүгээ надаас асуугаад хэцүү байна. Энэ хугацаанд тэр аавтайгаа, хүүхдүүдтэйгээ ердөө хоёрхон удаа уулзсан.
-Уучлаарай. Би энэ тухай ёстой мэдээгүй.
-Зүгээр ээ. Угаасаа тэр худлаа ярьдаг юм. Таныг ойлгож байна. Би ингээд явъя даа.
Би тэр хүүхнийг явахад юу гэж хэлснээ одоо болтол санадаггүй юм. Дөлгөөн тайван тэр эмэгтэйн үгэнд итгэснээ л санаж байна. Ямар тэвчээртэй сайн хүүхэн бэ. Бараг долоо хоногийн дараа найз залуу маань ирлээ. Тэр хүүхэд харж ядарснаа, эхнэр нь ямар хайхрамжгүй байсныг ярьж гарав. Ямар уран цэцэн, сайхан ярьсан гээч. Би түүний яриаг хэсэг сонсож сууснаа, “Аавыгаа очиж эргэхгүй юм уу. Бие нь муу, бараг хоногоо хүлээж байгаа гэж орцны танил чинь манайд ирж хэлсэн” гэв.
Түүний царай цонхийн цайж, “Тэр энэ гэрийг яаж мэдсэн юм бэ”гэж асуулаа. Гэнэт уур хүрч халуу шатах шиг болов.
-Хаанаас мэдсэн нь ямар хамаатай юм бэ. Чамд аав чинь чухал юм биш үү. Төрсөн эцэг чинь өвдөөд байхад гэвэл Аан мэдлээ эртээр би “Т”-тэй энэ хавьд санамсаргүй тааралдсан юм. Тэр энэ газрыг зааж өгч хэмээв.
Тэмээ гэхэд ямаа гэж хариулдаг ийм хүн байдаг аа. Түүнд хуучин эхнэр нь манайхыг яаж олсон нь сонин байгаа бололтой. Тэр долоо хоног хүүхдүүд дээрээ очилгүй гадуур явж л дээ. Бодвол над шиг нэг амьтны толгойг эргүүлж явсан биз.
Одоо энэ хамаагүй. Хамгийн гол нь түүнийг аавтай нь уулзуулах хэрэгтэй байлаа. Тэгээд түүнд хэдэн төгрөг атгуулаад “За чи юу ч гэсэн хуучин гэртээ очоод ир. Аавыгаа хүүхдүүдээ эргэхдээ энэ мөнгөөр юм авч өгөөрэй” гэж аргадсан аястай хэлэв.
Тэр муухан инээмсэглээд юу ч хэлэлгүй гарч явлаа. Би хүүхдээ эцэггүй өсгөхөөс айхгүй байна. Түүний инженерийн цалинтай цалингүй би амьдарч чадна. Тэгээд ч тэр гурван хүүхэд, төрсөн эцгийнхээ өмнө ямар нэг хариуцлага хүлээх ёстой биз дээ. Би түүний хуучин эхнэр шиг нь тийм хүлцэнгүй тайван байж чадахгүй.