
“Маск” продакшны жүжигчин М.Баярмагнайг хоёр дахь цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэх мэдээлэл гарчээ. Тал талын авьяастай жүжигчнээс энэ талаар тодруулахаар 9911... дугаарт утас цохилоо.
-“Утасны анд” байна. Сонин юу байна вэ. Амарч байна уу?
-Урлагийнхан зун амарчихдаг. Харин манайхан ирэх сарын дундуур шинэ тоглолтоор үзэгчдэд бэлэг барихаар бэлтгэлдээ орсон. Хувийн уран бүтээл гэвэл нэг кинонд гол дүр бүтээж байгаа. Ид ажилтай байна даа.
-Нутгийн чинь (Баянхонгор аймгийн) 80 жилийн ой болж байгаа. Нутаг руугаа явах уу?
-Уг нь сэтгэл догдлоод явмаар санагдаад л байна. Гэвч ажил амжихгүй шинжтэй. Наадмын өмнө Хөвсгөл, Баянхонгороор
аялж, амраад ирсэн болохоор амрах “эрх” дууссан.
-Та яг одоо хаана, юу хийж байна вэ?
-МҮЭСТО-д бэлтгэл дээрээ байна.
-Таныг дууны хоёр дахь цомгоо гаргах гэж байгаа тухай сонссон?
-Би мэргэжлийн дуучин биш, дуулах дуртай хүн. Тиймээс ойр ойрхон цомог гаргаж, дуучдыг ажилгүй болгоод яах вэ дээ. Хэсэг хугацааны дараа бол цомог гаргаж магадгүй. Одоохондоо төлөвлөсөн юм алга.
Х.УЯНГА