Бүх зүйл чамд таалагдахгүй болж дургүй чинь хүрч байна уу. Ажлын байр чинь аквариумд байгаа загас мэт санагдаад нэг л эвгүй. Найзтайгаа өдөр болгон шалтгаангүйгээр маргалдаж, дараа нь сэтгэлээр унаж байгаа бол та үнэхээр ядарсан бололтой. Энэ бол стресс, өнөөгийн нийгэмд нэлээд тархсан өвчин. Ийм үед дотнын зөвлөгч хэрэгтэй. Стресстэй тэмцэх олон арга байдгаас зөвхөн хэрэгтэйг нь танд хүргэе.
Байрлалаа өөрчил
Өдөр болгон компьютерийн ард өнгөрүүлдэг 8-10 цаг таны амьдралыг уртасгаж, сэтгэл санааг чинь өөдрөг болгох нь юу л бол. Компьютер дээр ажиллаж байхад нүд бараг анивчдаггүй. Энэ үед амьсгал гучин хувиар удааширдаг. Амьдралын баяр баясгалангийн тухай яг одоо ярих бүр ч хэрэггүй. Иймээс ядаргаанд өртөхгүйн тулд 30 минут тутамд сандал дээр суухдаа байрлалаа өөрчилж бай.
Жүржийн шүүс уу
Хэрэв өдөрт хоёр удаа 200 мг С витамин агуулсан амин дэм уувал тархинд “стресс” үүсгэдэг даавар ялгарахгүй байж болохыг эрдэмтэд тогтоожээ. Энэ туршилт хулганад хүртэл амжилттай хэрэгжсэнийг санахад илүүдэхгүй. Өдөрт хоёр аяга шүүс уугаад л тархины ямар ч “асуудалгүй” болох хэрэгтэй.
Утсан дээрээ ногоон тэмдэг наа
Энэ нь утсаар ярихаасаа өмнө гүнзгий амьсгаа ав гэсэн сануулга шүү. Мартаж хэзээ ч болохгүй. Ногоон тэмдгийг хараад, та өөртөө илүү итгэлтэй болно. Дуу чинь хүртэл цоглог болж өөрчлөгдөнө. Та одоо туршаад үзээрэй.
Хуруунуудаа хөдөлгө
Өрөөнийхөө голд зогсоод хамаг хүчээрээ хуруунуудаа сэгсэрч хөдөлгө. Учир нь бугуй тохой мөрний чилээг гаргана. Ингэснээр амьдрал баяр баяслаар үргэлжилнэ. Ямарваа нэг нэг хүнтэй чухал яриа өрнүүлж байгаа бол тохойгоо ширээн дээр тавьж, нөгөө гарынхаа хурууны үзүүрт хөнгөн шүргэ. Энэ нь таныг тайвшруулж, биеэ чөлөөтэй байлгахад тусална.
Кафед ор
Гэхдээ ганцаараа биш шүү. Сэтгэл санаагаараа тавгүй байгаа хүмүүс ганцаараа цай уухад улам уцаарлангуй болдог. Харин найзуудтайгаа кофе уугаад хөгжилтэй, сонирхолтой зүйлийн тухай ярилцвал стресс амархан тайлагдана.
Өглөө эрт бос
Өглөө эрт босоод гүй. Эсвэл цэвэр агаар амьсгалж, дугуйгаар жаал зугаал. Та одоо өөрийгөө ямар болсныг сайн ажигла даа. Сэтгэл чинь сэргэж, нүд чинь баяртай харцаар гийж байгаа биз дээ. Стресс танаас аль хэдийнэ “зугтжээ”
Ууранд ор
Дасгал хийсний дараа саун руу шагай. Ууранд суух танд таалагдахгүй ч урвайсан царайтай дотуур өмдтэйгээ холхиж яваа хүнийг хараад өөрийн эрхгүй инээд чинь хүрнэ.
Зөв хариулт сонго
Телевизийн ямар нэгэн шоу нэвтрүүлэгт өөрийгөө оролцож байна гэж төсөөл. Хөтлөгч чамаас тэвчээр барсан, уур хүргэсэн хэрэгтэй, хэрэггүй олон асуулт асууна. Тухайлбал, “Чиний цалин чинь яагаад эхнэрийнхээсээ бага байдаг юм бэ, Нохой чинь хамгийн сүүлд хэзээ цагаан хорхойтсон бэ. Чи хайртай гөлгөө алга болсон өдрийг сайн санадаг уу” зэрэг асуултад маш тодорхой товч хариулт өг. Энэ хариултаа тогтоож ав. Таныг нервтүүлдэг хүмүүст хариултыг тодорхой хэлж сур.
Буруугаа хүлээ
Энэ бол сайн чанар шүү. Та урт дараалалд зогсож байгаад хэн нэгнийг санамсаргүй түлхчихлээ гэж бодъё. Эргэж хараад эргэн тойрондоо байгаа хүмүүсээс уучлалт гуй. Хүмүүс тантай эелдэг харилцахыг харах болно. Ингэснээр таны амьдрал тодорхой хэмжээгээр хөнгөрнө.
Гараа саравчлан алсын барааг хар
Хүнд ажлын дараа гэртээ харихаасаа өмнө хотын ямар нэгэн үзэсгэлэнт газрыг сонгож нүдээ баясга. Гараа саравчлан алсын барааг хараад уртаар амьсгал. Өөр газар очиж, дээрх дасгалыг дахиж хий. Сэтгэл санаа чинь аяндаа тайвширна. Өдрийн хамаг уцаараа орхисон бол та одоо гэртээ хоолоо идэхээр тавтай морил.
Чихээ мушги
Чихнийхээ гэдэснээс барьж, хоёр тал руугаа тав таван удаа мушги. Энэ арга Америкийн эрдэмтдийн судалснаар тархины цусан хангамжийг сайжруулж, ачааллыг бууруулдаг байна.
Харих замдаа ногоон байгууламжаар орж бай
Ажлаасаа ирэх замаа сайн сана даа. Замд чинь ногоон байгууламж тааралддаг уу. Та үүнийг анзаарч байсан уу. Анзаардаггүй байсан бол та одоо анхааралтай ажигла. Хэрэв машинаар явдаг бол хамгийн их ногоон байгууламжтай, супермаркет, хүмүүс бага хөлхдөг замыг сонго. Таныг тайвшруулах ид шид тэнд үнэхээр бий шүү.