Цэвэрч хадам эх
Тэрбээр үлгэр жишээ, эмх журамтай. Түүний эдэлж хэрэглэдэг зүйлд хэн ч зөвшөөрөлгүй гар хүрдэггүй тул бүх юм байрандаа байдаг. Дэндүү нямбай учир орчин тойрныхоо хүмүүсийг өөр шигээ байхыг шаарддаг. Магтаалыг үг амнаас нь ховор гарна. Хүүгийнхээ эхнэр болж очсон бэрийнхээ давуу талуудыг төдийлөн анзаарахгүй. Түүнд бэрийн хийсэн бүхэн сэтгэлд нь нийцэхгүй чамлалттай санагдаж, гологдоно. Ийм хадам эхийн дэргэд алдаа дутагдал гаргавал андахгүй мэднэ. Бэрийнхээ дутагдлыг нүүрэн дээр нь хэлэхгүй хэрнээ хүүдээ ажилгүй, арчаагүй эхнэр авсныг нь байнга сануулж байдаг.
Түүнтэй хэрхэн харилцах вэ?
Хэрэв хадмындаа цуг амьдардаг бол бүсгүй та эхнээсээ хув хувийн эзэмшил газраа хувааж авсан нь дээр. Тухайлбал, тэрбээр таны унтлагын өрөө орох ёсгүй. Харин түүний нутаг дэвсгэрт нэвтэрсэн бол бүхнийг өөрөөр нь хэлүүлэхгүй цэвэрлэх ёстой. Түүнтэй ямар ч үед бүү марга, хэзээ ч сайн нэртэй үлдэхгүй. Түүний шаардлага өндөртэй, хатуу зан аашийг хүүхэд чинь өөрчилж магад. Ийм хүмүүс хүүхэд, амьтанд өршөөлтэй ханддаг.
Өрхийн толгойлогч хадам эх
Ийм хадам эхийн дэргэд хадан хэрмийн цаана байгаа мэт амгалан байж болно. Гэрт хэн ч зандарч, дуугаа өндөрсгөхгүй. Бэрхшээлтэй асуудал гарвал дугуй ширээний ард хэлэлцдэг. Тэрбээр хүүтэйгээ эрх тэгш харилцаж, өөрийн нэр хүндээр дарамталдаггүй, бэрдээ яг төрсөн охин шигээ хандаж, ач хүүгээ тэсэн ядан хүлээдэг. Хүү, бэрийнхээ амьдралд хөндлөнгөөс оролцдоггүй. Харин тэдэнд амьдралыг хэрхэн авч явах тал дээр зааж, зөвлөх дуртай.
Түүнтэй хэрхэн харилцах вэ?
Ийм хадам ээжийн өршөөдөггүй ганц зүйл бол хууран мэхлэлт. Бүсгүй та алдаа дутагдлаа хүлээхээс бүү эмээ. Хадамтайгаа эвтэй найртай амьдрахад өөрийнхөөрөө байхад л хангалттай. Таны давуу талыг, дутагдалтай чинь хүлээж авна.
Дархан хадам эх
Тэрбээр уран гартай. Гэрт нь оёдол эсгүүр, байрны засвар байнга үргэлжилж байдаг. Нэгийг дуусгаагүй байж, нөгөөг барьж авдаг зантай. Амархан уйдаж, гүйцээлгүй хаядаг. Түүний эхэлснийг гэрийхэн нь дуусгах ёстой болдог. Ямарваа зүйлийг эхлэхээр төлөвлөсөн бол ийм хадам эх хэний ч үгийг сонсдоггүй, өөрөө шийдэх дуртай. Бэрдээ цалингүй хөлсний ажилчин мэт ханддаг. Зүгээр суулгана гэж ер байхгүй. Ямар нэгэн аргаар хийлгэх ажил сэдээд олчихсон байдаг.
Түүнтэй хэрхэн харилцах вэ?
Ийм хадам хүргэн, бэрүүдийнхээ шинэ санаачлагыг дэмждэг. Уур уцаарыг нь хүргэхгүйн тулд зүгээр бүү суу. Юм хийж буй дүр үзүүлэх хэрэгтэй. Тэрбээр үр дүнг төдийлөн сонирхохгүй. Хамгийн гол нь түүний нүдэнд ажилсаг бэрийн дүрд тоглох хэрэгтэй. Бүсгүй та хадам эхийнхээ санааг амьдралд ашигтайгаар хэрэгжүүлж чадахаар тэвчээртэй бол алган дээрээ бөмбөрүүлэх сэтгэл ч бас түүнд бий.
Харамч хадам эх
Ийм хадам эх мөнгөнөөс өөр юу ч сонирхдоггүй. Гэр бүлийн санхүүг бүрэн хянаж, өдөр тутмын зардлын тооцоог нарийн хөтөлдөг. Хэрэв бэр нь хотын нөгөө дүүрэгт байдаг зах явахаас залхуурч, хажуугийн супер маркетаас үнэтэй зүйл худалдаж авбал уур нь хүрч, бухимдана. Тэрбээр хэрэгтэй хүмүүстээ өгөөмөр загнаж, санаанд оромгүй тансаг, чамин бэлэг ч бэлэглэж чаддаг. Ойр дотны хэрнээ амьдралын бололцоо муутай хамаатнуудаа хүзүүн дээр сууж байгаа тэжээврүүд гэж үздэг.
Түүнтэй хэрхэн харилцах вэ?
Ийм хадам эхийн талархлыг хүлээхийн тулд арвич, хямгач эзэгтэйн нэр алдрыг олж авах хэрэгтэй. Таны орлогодоо тааруулж амьдрах гэсэн хүсэл эрмэлзлийг тэрбээр ойлгоно. Орлого, ашгийг чинь сонирхож, мөнгөө хэрхэн зарцуулах тухай хэрэгтэй мэдээллүүдийг өгнө. Гэхдээ хадам эхдээ өөрийн орлого, зарлагын тооцоог бүү тайлагна. Энэ бол танай гэр бүлийн асуудал шүү дээ. Ийм хадам “Би чамд, чи надад” гэсэн зарчмаар амьдардаг. Хааяа түүнд бэлэг өгч байхаа битгий мартаарай. Тэрбээр таны өгсөн бэлгийн үнийг ямар нэг аргаар заавал олж мэдэн, дараагийн удаа яг тийм өртөгтэй бэлэг өгнө.
Эзэн хаан хадам эх
Ийм хадам эх өөртөө илүү хайртай байдаг. Бүхэл өдөржингөө зурагтны өмнөх диван дээр хатан хаан шиг хэвтэнэ. Гэрийнхээ бүх зүйлийг өөрөө хянахыг хүсдэг. Бэрдээ байнга заавар, зөвлөгөө өгч, биелүүлснийг нь тун удахгүй шалгана. Тэрбээр заримдаа сэтгэл дундуур амьдардаг. Үүнийхээ бурууг хөрш айлаас өгсүүлээд хамаатан садан, найз нөхдөөсөө хайх тухай ч бодно. Тэрбээр бэрээрээ өдөржин хоол унд бэлтгүүлж, дуртай хоолоо ширээнийхээ өмнө тавиулахыг хүсдэг. Хүүхдүүдийнхээ хүүхдийг дуу чимээ гаргахгүй, өрөөнд нь олон дахин орж ирэхгүй байхыг шаардана.
Түүнтэй хэрхэн харилцах вэ?
Түүний дургүйг аль болох хүргэхгүй байхыг хичээ. Ийм хадам эхийн ааш авир хэцүү тул бэр цөөн харилцаж, нүдэнд нь өртөхгүй байх хэрэгтэй. Гэхдээ баяр ёслолоор түүнд баяр хүргэж, мэндчилж байхаа мартаж болохгүй. Бүсгүй та хадам эхдээ далд утгатай магтаал хэлж сураарай. Өөрийг тань хэзээ нэгэн цагт үнэлэх болно. Гэхдээ долигнож болохгүй. Ийм занг тэрбээр үзэн яддаг.