Монголын уран зургийн галерейд солонгос цэцгүүд “ургачихаж”. Хана дагуулан “тарьсан” ороонги ургамал, тоорын мод, цээнэ, бадамлянхуа бол Ким Юн Квон, И Мүн Сон, Ким Хэ Гён, Ян Ён Сон, Им Э Жа, Жу Бүг Сү нарын бүтээл. Монголын СУИС, “Ай эйч си” компанийн урилгаар ирсэн БНСУ-ын Кён Хи их сургуулийн багш нар өчигдөр үзэсгэлэнгээ нээсэн нь энэ юм. “Тэнгэрийн Монголын ээрэм талд Гуулин улсын ордны уламжлалт зураг” нэртэй эл үзэсгэлэнд зураач тус бүр 10 орчим бүтээл дэлгэсэн. Тэдний зургаас төрөл бүрийн цэцэг, ургамал, амьтан, шувууд нийтлэг харагдана.
Солонгосын уламжлалт зурагт байгаль, амьтны дүрслэл голлодог тул тэд ийн зурсан гэнэ. Үзэсгэлэнд дэлгэсэнтэй адил зургууд тус улсын эртний хаад, ноёдын өргөө, ордныг чимэглэдэг байжээ. “Монгол орон, уран бүтээлчдийн тухай ном, хэвлэлээс уншиж байсан. Энд байх хугацаандаа Монголын галерейнуудтай танилцаж, үзэсгэлэн үзэхээр төлөвлөсөн” хэмээн И Мүн Сон ярив. Түүний “Түшмэ дийн замнал” бүтээл үзэс гэлэнгийн хам гийн том зураг байв. XVIII зууны үед амьдарч байсан нэгэн хааны оршуулах ёслолыг харуулсан уг бүтээл 16 зургаас бүтсэн цуврал юм.
Зөвхөн И Мүн Сон төдийгүй бусад зураачийн бүтээлд ч барын дүрслэл олон байв. “Солонгосын бэлгэ тэмдэг болсон амьтан нь бар. Энэхүү амьтан эрч хүч, баяр, аз жаргалын бэлгэ тэмдэг. Эх орноо үргэлж өөдөлж дэвшихийг бэлгэдэж ийн дүрсэлсэн” хэмээн тэрбээр тайлбарлав. Тэгвэл БНСУ-ын шилдэг эмэгтэй зураачдын нэг Жу Бүг Сү “Эдгээр зургийг гаднаас нь харвал цэцэг навч, амьтан зэргийг дүрсэлсэн. Гэхдээ зураг бүр гүн утга агуулгатай. Жишээлбэл, модны дээр том нарыг зурсан нь газар дээр ганц хаан байхыг бэлгэдэж буй.
Орчин үед урлагийн олон чиглэл, салбарууд хөгжихийн хэрээр уран бүтээлчдийн зурах хэлбэр ч өөрчлөгдсөн. Гэхдээ уламжлалт соёлоо орхихгүй байх нь чухал. Уламжлалт хөгжим бүжиг, зураг нь тухайн улсын түүхийг өгүүлж, давтагдашгүй, өвөрмөц байд лыг нь илтгэдэг. Энд байх хугацаандаа би Монголын уламжлалт урлаг, уран зурагтай танилцахыг хүсэж байна” хэмээн Жу Бүг Сү ярилаа. Тэрбээр зөвхөн байгалийн гаралтай будгаар модны холтос, муутуу цаасан дээр зурдаг онцлогтой. “Тэнгэрийн Монголын ээрэм талд Гуулин улсын ордны уламжлалт зураг” энэ сарын 19 хүртэл үргэлжилнэ.
Б.ЭГШИГЛЭН