Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийг урлагийнхан “сахал Пүүжээ” хэмээн дотночлон дууддаг. Харахад намбалаг даруухан, жижигхэн биетэй энэ эрхэм багадаа барилдах, бокс тоглох дуртай байжээ. Гэрт нь цахилгаан тоноглолтой галт тэрэг байсан учраас ганцаараа бол түүгээр л тоглоно.
Харин найзуудтайгаа нийлэхээрээ алаг бөмбөг хөөцөлдөн гүйдэг байсан аж. Бас болоогүй ээ, баримлын шавраар элдэв амьтны дүрс урлаж, хааяахан зураг зурчихдаг авьяастай байжээ.