Францын соёл урлагийн харилцааны “Тамга” нийгэмлэг, Монголын дүрслэх урлагийн академи, Монголын орчин үеийн ваар шаазан урлалын холбоо, “Next Nature design” ХХК хамтран “Байгаль дахь керамикийн урлаг” сэдэвт олон улсын симпозиум, сургалт үзүүлбэр, үзэсгэлэн зохион байгуулж байгаа юм. Энэ сарын 4-24-нд болж буй уг арга хэмжээний хүрээнд Францын керамик урлагийн мастерууд Монголд ирж, манай керамикчдад сургалт явуулж байгаа. Монголын керамик урлалыг хөгжүүлэх сайхан сэтгэл өвөрлөсөн тэднийг Патрис, Доминик, Этин гэдэг. Тэд Францын нэртэй керамик урлаачид аж. Тэдний нэг Доминиктой ярилцлаа.
-Монголд анх удаа ирж байна уу?
-Тийм ээ. Ирээд л ажилдаа орсон. Гуравхан хонож байгаа ч арваад өдрийн ажил амжууллаа.
-Манай керамикчдад сургалт явуулах саналыг хэн танд тавив?
-Манай багийн ахлагч Патрис хоёр жилийн өмнө Монголд ирж, монгол керамикчидтай танилцсан юм билээ. Тэр үеэс энэ төслийн суурь тавигдсан гэж хэлж болно. Патрис Монголын керамикийн урлагийг хөгжүүлэх, уран бүтээлчдэд мэдлэг туршлагаасаа хуваалцахыг чин сэтгэлээсээ хүссэн юм билээ. Францад очоод бидэнд санал тавьсан. Тэгээд л бид ирлээ. Сургалтад маань олон хүн оролцож байгаа нь сайхан санагдаж байна.
-Монголын керамикчдын ур чадвар, арга барил ямар санагдсан бэ?
-Ур чадвар, сэтгэлгээ сайтай юм байна. Уран бүтээлчид байнга шинэ санаа, шинэлэг арга барил эрэлхийлж байдаг. Манай оронд керамикийн урлаг харьцангуй өндөр хөгжсөн. Бид эх орондоо өндөр зэрэглэлд ордог мэргэжилтэй хүмүүс. Мэдэх чадах зүйлээ зааж, сургаж байгаа ч нөгөө талаас Монголын керамикчдын арга барил, онцлогоос бид суралцаж байгаа.
-Керамикчдын бүтээлээс үзсэн үү?
-Ирээд л сургалтаа эхэлсэн болохоор монгол керамикчдын бүтээлийг хараахан үзэж амжаагүй байна. Гэхдээ үзнэ гэж бодож байгаа.
-Та нарын төсөөлж байснаас Монгол өөр санагдав уу?
-Намайг Монгол руу явна гэхэд найзууд, гэрийнхэн маань “Чи анх удаа очих гэж байгаа юм чинь Монголын талаар мэдээлэл цуглуул. Зураг үз” гэж зөвлөсөн. Тэгэхэд нь би “Үгүй” гэсэн. Би Монголын талаар ямар ч мэдээлэл хайж үзээгүй. Яагаад гэвэл би дам мэдээлэл, сургаар бус, нүдээрээ харж, өөрийнхөөрөө үнэлж, дүгнэж, Монголын талаарх мэдлэгээ өөрөө “үйлдвэрлэхийг” хүссэн. Ерөнхийдөө Францад Монгол гэхээр нүүдэлчин ард түмэн гэсэн ойлголт байдаг. Би ч тиймэрхүү төсөөлөлтэй байлаа. Нүүдэллэж амьдардаг, зэлүүд шахам газарт очих болов уу гэж бодож байсан болохоор орчин үеийн том хотод ирээд жаахан гайхсан. Одоохондоо Улаанбаатараас өөр газраар явж үзээгүй байна. Улаанбаатар бол хөгжлийнхөө ид үед явж байгаа, бүтээн байгуулалт өрнөсөн хот юм байна.
-Монголын үзэсгэлэнт байгалиар аялах төлөвлөгөө байгаа юу?
-Сургалтын эхний хэсэг зургаан өдөр үргэлжлэх юм. Үүний дараа хөдөө явна. Энэ аялал бол монголчуудаас бидэнд барьж буй гэнэтийн бэлэг. Хаана, ямар газар очихыг мэдэхгүй. Гэхдээ маш сайхан байна гэдэгт итгэлтэй байгаа. Монголын хөдөөг маш сайхан, байгаль нь үзэсгэлэнтэй гэж сонссон. Байгалийн сайханд очихыг тэсэн ядан хүлээж байна. Аялж ирээд сургалтын үр дүнгээ тайлагнаж, бүтээл үүдээрээ үзэсгэлэн гаргана. Зохион байгуулагчид ажлаа маш сайн төлөвлөсөн, сайхан төлөвлөгөө гаргасныг тэмдэглэмээр байна.
-Монголын керамик урлаачдад мэдлэг, туршлагаасаа хуваалцаж буйд тань баярлалаа. Танд амжилт хүсье.
Бидний яриа ийн өндөрлөв. Тэрбээр зөвлөгөөг нь хүлээсэн сурагч руугаа яаран явав. Уг сургалтад 70 гаруй хүн хамрагдаж байгаа аж. Тэдний тал нь мэргэжлийн керамикч, үлдсэн нь сонирхогч гэсэн.
“Байгаль дахь керамикийн урлаг”-ийг зохион байгуулж буй “Next Nature design” компанийн харьяа “Керамик арт” студийн ажилтан А.Наранбаяр, керамикч Д.Отгонбаяр нартай уулзаж ярилцлаа.

А.Наранбаяр: Тэд Монголын керамик урлалыг хөжөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг
-Францын керамикч өмнө нь ийм сургалт явуулж байсан уу?
-Монголын дүрслэх урлагийн академиас санаачлан 2008 онд Францын керамикч Патрикийг урьж авчран мэргэжлийн хүрээний цөөн уран бүтээлчдийн дунд сургалт явуулсан юм. Манай уран бүтээлчдийн идэвхтэй байдал, Монголын сайхан байгаль Патрикт гүн сэтгэгдэл үлдээсэн болохоор тэрбээр дахин ирсэн байх. Тэгэхдээ Францдаа дээгүүрт үнэлэгддэг керамикчдаар баг бүрдүүлэн ирж олон хүн хамруулан сургахыг зорьж байгаа. Тэд манайхнаас ямар нэг төлбөр аваагүй, сайхан сэтгэлээр тусалж буйг онцолмоор байна. Монголын керамик урлалыг хөгжөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж буй хүмүүс. Хоосон онол ярихаасаа илүү бодитоор хийж үзүүлэн, байгаа нөөц бололцоогоо ашиглаж түүхий эд, материал бэлдэх, пийшин барих зэргийг зааж байгаа. Манай суралцагчид их сэтгэл хангалуун байгаа.
-Иймэрхүү сургалт дахин зохион байгуулах уу?
-Цаашдаа жил бүр керамик урлал өндөр хөгжсөн орнуудаас мэргэжилтнүүд урина. Энэ арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулна.
Д.ОтгонбаЯр: Шилдэг бҮтээлийг Францад дэлгэнэ
-Суралцагчдаас төлбөр авч байгаа юу?
-Энэ арга хэмжээ ашиг олох зорилгогүй, сайхан сэтгэлийн үйл ажиллагаа. Францын керамикчид биднээс үнэ хөлс нэхээгүй. Ойлгож дэмждэг хүмүүс маань бидэнд сургалт явуулах байр гаргаж өгсөн. Аль болох олон хүн хамруулахыг зорьсон болохоор суралцагчдаас төлбөр аваагүй. Материалын үнэ, үйл ажиллагааны зардлаа нөхөх хэмжээний багахан хураамж л авсан.
-Энэ сургалтын үр дүнг хэрхэн дүгнэх вэ?
-Сургалтад оролцогчдын урласан бүтээл үүдээр энэ сарын 20-нд үзэсгэлэн гаргана. Мөн оны сүүлчээр Франц улсын Анже хотын керамик сонирхогчдод шилдэг бүтээлүүдийг толилуулна.
Х.УЯНГА