Хүн бүр амьдралыг өөрийнхөөрөө төсөөлдөг. Нэгэнд нь гэгээлэг санагдах дэлхий нөгөөд нь хэтэрхий бараан харагдаж болох. Харилцан адилгүй сэтгэлийн мэдрэмж, өнгөний сонголттой дөрвөн уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн өнгөрсөн мягмар гаригт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээгдсэн юм. Шөнийн харанхуй, далд ертөнц, сэтгэл жихүүцүүлэм сүнслэг шинж чанар, хөнгөн гунигийг дүрсэлсэн Ц.Баттөрийн бүтээлүүдтэй амьд ралын гэгээн бүхнийг хүүхдийнх гэмээр тод дэврүүн өнгөөр илэрхийлсэн В.Ундраагийн зургууд зэрэгцэн байрлах нь сонирхолтой.
В.Ундраа диваажин, Ц.Баттөр далд орших аймшигт нууцыг дэлгэх шиг санагдсан. Зураач бүсгүйн бүтээлүүд хүүхдийнх гэмээр гэнэн төсөөлөлтэй ч сонирхолтой зохиомж, давтамжит шийдэлтэй чимхлүүр ажиллагаа ихтэйгээрээ ялгарна. Ц.Баттөр оюутан ахуй цагаасаа Европын сонгодог зургийн аргыг монгол зургийн өв уламжлалтай холбох шинэ арга хэлбэр эрж, туршсаар иржээ. Тиймдээ ч бүтээлд нь Монголын уламжлалт чимэглэх урлаг буюу зүмбэрлэх арга зонхилно.
Н.Цагаанчулуун бол дүр, өнгийн зохиомжийг чадварлаг хослуулж үүнийгээ төгс боловсруулан амьдруулахыг хичээдэг реалист уран зураач. Тэр ихэнхдээ Монгол орны уудам хээр тал, үзэсгэлэнт сайхан байгаль, тэдгээрийн гоёмсог өнгө төрх, нар, салхийг дүрсэлж эх орноороо бахархах сэтгэл бэлэглэдэг. Түүний бүтээлүүдтэй харьцуулахад Х.Батжаргалын зургууд илүү тод өнгөтэй. Уран зураг болон зураасан зургийн төрлөөр дагнан зурдаг тэрбээр хурц тод өнгөөр дүрслэх онцлогтой биш. Х.Батжаргал сэдвийнхээ мөн чанар, дотоод учир шалтгааныг хайж, амьдралын сайн сайхныг шингээдэг нэгэн Ийм л “Дөрвөн ертөнц” энэ сарын 22 хүртэл үзэгчдийг угтсаар байх юм.
Ж.СОЛОНГО