Шагайгаар морь уралдуулж, нясалж, шүүрч тоглодоггүй монгол хүүхэд саяхныг хүртэл цөөн байсан байх. Гэхдээ жил ирэх тусам техник технологи хурдацтай хөгжиж, тоглоомын сонголт ч арвин болсноор шагай бусдад зайгаа тавьж өгөөд буй.
Харин Морин хуурын чуулгын удирдаач, ардын жүжигчин Ц.Батчулуун гуай хотод өссөн хэдий ч шагай тоглох дуртай хүү байжээ. Тухайн үед дотуур байр элбэг биш байсан учраас хөдөөнөөс ирсэн хамаатнууд нь тэднийд буудалладаг байв.
Хөдөөгийнхнийг гэрт нь ирэхээр түүний магнай нь тэнийж, ханатлаа шагай нясалж, шүүрдэг байсан гэнэ. Түүнээс гадна шагайгаар бөх барилдуулж тоглодог байжээ. Тэр үед дархан аварга Д.Дамдин, С.Цэрэн, Ж.Мөнхбат нар ид барилддаг байсан учраас шагайндаа тэдний нэрийг өгчихөөд л “барилдуулдаг” байсан гэнэ.
Ингэхдээ морь буулгасан нь давсанд тооцогддог тул шагайны нэг талд тугалга цутгаж булхайцдаг байснаа тэр энэ удаа дурсав. Сар шинийн баяраар ч гэр бүлээрээ алаг мэлхий өрж нааддаг уламжлал тогтсон гэнэ.