БНХАУ-ын зураач Хуан Тай Шань навчин дээр зураг сийлж, Гиннесийн дээд амжилт тогтоосон тухай “Синьхуа” мэдээлэв. Тэрбээр БНХАУ, Энэтхэг, Пакистанд ургадаг модны далбагар навчин дээр зүүгээр шивж урладаг аж. Хуан навчны сийлбэрээ 1994 оноос хийж эхэлсэн бөгөөд Сан Диегогийн “Мингей” олон улсын урлагийн музей түүний бүтээлүүдийг соёлын үнэт өв болгон бүртгэн авчээ. Навчин дээр сийлэх урлаг эртний Хятадаас гаралтай аж.
Тэрбээр сийлбэрээ эхлэхийн өмнө халуун усанд дэвтээж, бактери болон тоосноос нь салгадаг байна. Гэвч халуун усанд дэвтээх үед ихэнх навч цоордог аж. “Навчин дээр сийлэх маш эрсдэлтэй. Сийлж эхэлсэн л бол нэг амьсгаагаар дуусгах хэрэг гардаг бөгөөд баллуурдах боломжгүй учраас тун хянамгай байх ёстой” хэмээн Хуан Тай Шань ярьжээ. Түүний бүтээлүүд 90-220 ам.долларын үнэ хүрдэг байна.