Монголын өргөн уудам тал нутгаар 80 мянган км хөндлөн гулд аялсан нүүдлийн номын сан өнөө жил Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтайн зарим сумын багачуудын гэрт зочилж, дуртай номоо амтархан унших боломжийг тэдэнд ол голоо. Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог өдгөө 20 дахь жилдээ нүүдлийн номын сангаа хөдөөгүүр аялуулж, 2000 гаруй км замыг туулаад өнгөрсөн долоо хоногт нийслэлдээ иржээ. Түүний энэ удаагийн аяллыг “Go help” олон улсын хүмүүнлэгийн байгууллага санхүүжүүлсэн бөгөөд Английн Лондоноос Монгол хүртэлх авто аяллын манай улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг замын дагуу “Нүүдлийн номын сан” ажиллажээ.
Өөрөөр хэлбэл, Өвөрхангай аймгийн Бүрд, Есөн зүйл, Өлзийт, Хайрхандулаан, Нарийнтээл, Баян хонгорын Өлзийт, Баян-Овоо, Бөмбөгөр, Бууцагаан, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нут гаар аялж, 182 хүүхэд уг арга хэмжээнд хам рагджээ. Энэ үеэр хүүхдүүдийн дунд номын сэдэвт асуулт, хариултын уралдаан, уран уншлагын тэмцээн зохиож, хичээлийн хэрэглэл түгээж, эцэг, эхчүүдэд нь “Хүүхдийн сэтгэлд хүрэх хамгийн дөт зам” лекц уншиж, үр хүүхдээ номоор хөгжүүлэх боломжийн талаар Ж.Дашдондог зохиолч зөвлөгөө өгсөн байна.
Дашрамд сонирхуулахад, зохиолч маань гадаадын болон Монголын хүүхдийн зохиолын 108 шилдэг номыг хувийнхаа хөрөнгөөр хэвлүүлж номын фондоо бүрдүүлсний дээр Япон, АНУ-аас бэлэглэсэн 120 номыг дөрвөн жилийн турш оюутнуудтай хамтран монгол хэлээр орчуулжээ. Тэрбээр Монголын багачуудыг номтой нөхөрлүүлээд зогсохгүй гадаа дад суугаа монгол хүүхдүүдийн дунд энэхүү номын сангаа аялуулж, тухайлбал, Солонгос, Энэтхэг оронд хоёр ч удаа очихдоо хүүхдүүдэд ном хүргэж өгөх ажил зохион байгуулжээ. Мөн харь нутагт суугаа эцэг эхчүүдэд, хүүхдээ номтой хэрхэн нөхөрлүүлж, оюунлаг болгох талаар лекц уншдаг юм байна.
Г.ОЮУН