Байгуулагдсаныхаа 90 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэж байгаа ОХУ-ын Тувагийн бүгд найрамдах улс шинэ сүлд дуутай болжээ. Энэ сарын 11-нд Тувагийн Ерөнхийлөгч Шолбан Кара-Оол “Мен-тыва мен” буюу “Би тува хүн” нэртэй дууг Тувагийн албан ёсны сүлд дуу болгон зарлалаа. Хуучин сүлд дуу болох “Тооруктуг долгай тандым” нь тувачуудын сэтгэлийг хөдөлгөж чадахгүй байна гэдэг шүүмжлэлийг байнга дагуулсаар ирсэн бөгөөд өдгөө архивт шилжжээ.
Хамгийн сонирхолтой нь шинэ сүлд дуу “Би тува хүн”-ийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын тувачууд зохиосон гэнэ. Үгийг зохиосон Окей Шанагаш, хөгжмийн зохиолч Кантомур Сарыглар нар өөрсдийн дуугаа Тувагийн ард түмэнд бэлэглэсэн тухай Тувагийн сонин хэвлэлээр мэдээлсэн байна. Тус улсын Ерөнхийлөгч тэдэнд талархал илэрхийлээд Тувагийн соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнажээ.
Харин зарим эх сурвалж манай яруу найрагч, хөгжмийн зохиолч хоёр энэ дууныхаа зохиогчийн эрхээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд дуугаа гавьяат цолоор солилцсон хэмээж байна.
М.СУГАРАА