Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров цомог гаргахаар бэлдэж байна. Түүнтэй холбогдож,
цомгийнх нь талаар тодрууллаа.
-Таныг цомог гаргах гэж байгаа гэж сонслоо?
-Өнгөрсөн хавар толилуулсан “Дорнодын цэнхэр аялгуу” тоглолтод багтаасан бүтээлүүдээрээ цомог гаргах санаатай байгаа. Одоохондоо бичлэгийн ажил эхлээгүй.
-Цомогт ямар бүтээлүүдээ багтаав?
-Алдарт хуурч Г.Жамъян агсанд зориулсан “Хэрлэн барсын дууль” морин хуур, найрал хөгжмийн хоёрдугаар концерт, “Их талын уудмыг ээ”, “Түмэн зээрийн хурдныг ээ”, “Их Бурхантын өршөөлийг ээ”, “Талын морьтны жавхааг ээ” гэсэн дөрвөн ангитай “Дорнодын уудам тал” чуулбар, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Г.Бирваа агсны дурсгалд зориулсан “Тэр өдөр” үлээвэр хөгжмийн гоцлол зэрэг дан хөгжмийн бүтээл, Ж.Саруулбуянгийн шүлэг “Хэрлэнгийн ай”, Д.Цэдэвийн шүлэг “Зээг татсан тал”, О.Дашбалбарын шүлэг “Миний номин тал”, Ш.Гүрбазарын шүлэг “Дорнын цэнхэр тал минь” зэрэг дууны бүтээл багтана.
Тав, зургаан дуу, мөн тооны хөгжмийн бүтээл оруулахаар төлөвлөж байгаа.