Монголын хувцас загварын ертөнцөд театрчилсан тоглолтоор хувьсал хийсэн “Монгол костюмс” төвийнхөн Төрт улс байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан шинэ театрчилсан тоглолт хийхээр болжээ.
Тус төв ийм төрлийн анхны тоглолтоо 2007 онд “Бүүвэй аялсан ижий бурхад” нэртэйгээр хийж, байгаль, эх хүний эрхэмсэг сайхныг магтан дуулж байсан бол хоёр жилийн дараа “Үлэмжийн чанар”-ын ид шидийг хувцасны “хэлээр” өгүүлсэн юм. “Театр мода-3” буюу “Монгол хувцасны нууц товчоо” театрчилсан загварын тоглолт ирэх баасан гаригт Улсын филармонид болно.
Энэ удаа “Монгол костюмс”-ийн судлаач, загвар зохион бүтээгчдийн 12 шинэ коллекцийг танилцуулахаас гадна Тува, Халимаг, Буриад, Өвөрмонголын загвар зохион бүтээгчид бүтээлээ танилцуулна. Хүннүгийн хүчирхэг хаадын хувцас өмсгөлийг мэдэрч, Их гүрэн эзэн Чингисийн баатруудын сүр хүчийг бахдуулан, Богд гэгээнтэн, Дондогдулам хатныг “морилуулах” энэ шоуг “Сэмүүн” студийн захирал Б.Баяр гурав дахь удаагаа найруулж байна. Шоуг соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар хөтлөх юм билээ.
Ж.Сэлэнгэ