“Кристис” дуудлага худалдааны төв ирэх аравдугаар сард Ричард Гирийн гитарын цуглуулгыг арилжаалах талаараа мэдээлжээ. Гирийн 20 жилийн турш цуглуулсан гитаруудын дунд Америкийн алдарт блюз дуучин, гитарчин Альберт Кинг, Ямайкийн регги хөгжимчин Питер Тош, гитар урлалаараа алдартай мастер Жеймс Д'Аквисто нарын хэрэглэж байсан зэмсгүүд байгаа гэнэ. “Эдгээр гитар миний сайн найзуудаас өөрцгүй. Баяр баясгалантай, гунигтай хүнд үед дэргэд минь байсан.
Би эдгээр гитарыг цуглуулгын зориулалтаар худалдаж аваагүй. Дуугаралт сайтайгаас гадна надад тун их таалагдсан учраас авсан. Дурсгал хөглөсөн гитаруудаасаа сална гэхээр жаахан гунигтай байна” хэмээн Гир тус төвийнхөнд ярьжээ. Түүний цуглуулгыг дуудах анхны үнэ нэг сая ам.доллар аж. Эндээс олсон орлогыг буяны үйлст хандивлах тухайгаа алдарт жүжигчин мэдээлжээ.
Э.ХАНА