Дуучин Б.Баярцэцэг “Хязгааргүйн цаана” шинэ цомгоо танилцуулах тоглолт хийхээр бэлдэж байна. Түүнтэй
холбогдлоо.
-Удаан хүлээлгэсэн тоглолт тань ямар онцлогтой байх бол?
-Ирэх сарын 26, 27-нд тоглолт хийхээр төлөвлөж байна. “On and off” продакшн зохион байгуулж байгаа. Өнгөрсөн хавар энэ тоглолтыг хийхээр төлөвлөж байсан ч тов нь хойшилсон. Цаг хугацаа хангалттай байсан болохоор нэлээд сайн бэлдсэн. Бүх дуугаа амьд хөгжимтэй дуулж, “live” шоу хийнэ дээ.
-Ямар хөгжимчид оролцох вэ?
-Аль нэг хамтлагийг сонгохоосоо илүү Монголын сайн хөгжимчдийг цуглуулахыг хичээсэн. Арав гаруй хөгжимчин байгаа.
-Хэдэн дуу дуулах вэ?
-30-аад дуу дуулна. Тоглолт хоёр цаг үргэлжилнэ. Шинэ цомгоо танилцуулж байгаа болохоор 80 хувь нь шинэ, үлдсэн нь өмнөх цомгуудад багтсан, хүмүүсийн сонсох дуртай дуу байх болно. Хоёр жилийн өмнө орос дууны “Ностальгия” тоглолт хийж байсан. Энэ удаагийн тоглолтын 90 хувь нь монгол дуу байна. Гадаад дуунуудаа попури болгож, хөгжмийн найруулгыг нь өөрөө хийсэн.
-Шинэ цомог тань худалдаанд гарсан уу?
-Хэвлэлтээс ирсэн. Гэхдээ тоглолтоос өмнө худалдаанд гаргахгүй. Тоглолтод хүрэлцэн ирсэн үзэгчдэд дээжийг нь өргөн барина. Тоглолтын дараа худалдаанд гаргана.
Х.Уянга