“Хамгийн удаан үргэлжилдэг, замын саад бартаа ихтэй морины уралдаан” төрлөөр Гиннесийн номд бүртгүүлсэн “Монгол дерби” өнгөрсөн сард болсон. “Монгол дерби- 2011”-ийн 20 оролцогчийн дотор Ирландын Төрийн нарийн бичгийн дарга Оуэн Патерсон багтсан юм. Тэмцээнд оролцогчдын нэг, Их Британийн адал явдал хайгч Алисон Ричардсон “Монгол дерби” бол жинхэнэ экстрим” гэсэн гарчигтай нийтлэлийг lynnnews.co.uk-д бичсэнийг орчуулан хүргэе.
Эр зориг шаардсан адал явдалд би юунаас ч илүү дуртай. Улс төрийн жагсаал, үймээн их байсан ч Иордан руу гурван жилийн өмнө адал явдал хайн очсон минь хөлөө хугалснаар дууссан. Гэсэн ч хөлөө эдгэрмэгц экстрим зэрэглэлийн аялал болгоныг алгасаагүй. Гэхдээ тэдгээрийн аль нь ч “Монгол дерби 2011”- ийн хэмжээнд хүрэхгүй. Энэ арга хэмжээ бол жинхэнэ экстрим, сэтгэл хөдлөлийн дээд хязгаар.
Прежавальскийн адууны удам ч байж болох хүлгийг унаж, 10 хоногийн турш говийн элсэн цөлд 1000 км газарт уралдах нь хэний ч эр зориг, тэвчээрийг шалгасан явдал болсон юм. Хэдийгээр саад ихтэй, хүнд нөхцөлд аялсан ч монгол айлд зочилж, соёл, зан заншилтай нь танилцах боломж тохиосонд аялагчид тун баяртай байсан. Бид гэрт унтаж, ямааны сүүтэй цайгаар өдрийг эхлүүлдэг байв. Түүнчлэн бөх барилдаж, сур харвахыг үзсэнээ хэзээ ч мартахгүй. Хэдийгээр энэ зуны аялалд бие маань үнэхээр сульдсан ч сэтгэл ханамж дээд зэрэг байсан" гэж бичжээ.
Б.ИНДРА