Боомтын загасчдын эгэл амьдрал, аз жаргалтай гэр бүл, улаан дэнлүү, шөнийн хотын гял цал төрх. Ийм дүр зургийг буулгасан Тяньжиний боомтын цаанаас мандах нар хөгжил дэвшлийг гэрэлтүүлэх мэт харагдана. Монгол, хятад гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнг өчигдөр “Central tower”-т нээсэн юм. Гэрэл зурагчин Ж.Батбаатар, С.Батсүх, С.Батсайхан, Т.Хүрэлбаатар, “Өнөөдөр” сонины Гэрэл зургийн албаны дарга Г.Эрдэнэтуяа нар өнгөрсөн зургадугаар сард Хятадын Тяньжин хотын Бинхай дүүргийг дурандаа хэрхэн буулгаснаа ийнхүү тайлагнав.
Уг үзэсгэлэнд Хятадын талаас Жиао Юүн Пү, Ван Гуан Рү, Ниэ Яа Хуй, Янг Хуй Чүан нар оролцсон. “Монголын гэрэл зурагчид Тяньжинд ердөө зургаан хоног л ажилласан. Ийм бага хугацаанд тун олон, сайн зураг “олзолж” чадсан нь бахархууштай. Тэд тун чадварлаг, авьяастай юм билээ. Би бүр биширсэн шүү” хэмээн Янг Хуй Чүан ярьжээ. Энэхүү арга хэмжээнд Тяньжин хотын кино, телевиз, гэрэл зургийн хорооны дарга Жинг Хон Хуй оролцож “Энэхүү үзэсгэлэн хоёр орны найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг.
Хоёр орны иргэд урлагаар дамжуулан холбогдох нь нандин харилцаа болно. Түүнчлэн монгол гэрэл зурагчид Тяньжиний шинэ дүр төрхийг дуу алдам сайхан илэрхийлжээ” гэв. Үзэсгэлэнд тус хотын шинэ дүүргийн өнгө төрх, аж амьдралыг харуулсан хоёр улсын гэрэл зурагчдын 40 гаруй бүтээлийг дэлгэжээ. “Тяньжинд очсоноор Хятадын гэрэл зурагчдаас олон шинэ зүйл сурсан. Хоёр улсын харилцааны нэг гүүр нь энэхүү үзэсгэлэн болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн Г.Эрдэнэтуяа ярив.

Г.Эрдэнэтуяа “Загасчлалын төв боомт дахь Лэй Юүэ Мэй”
Б.ГАНДИ