Дэлхийн загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий суваг “Fashion TV”-г үүсгэн байгуулагч Микэл Адам маргааш Монголд ирнэ. Тэрбээр өөрийн брэндийн бүтээгдэхүүнээ Монголын зах зээлд нийлүүлэхээр “BlueMon” групп, “Номин Фүүдс” ХХК-тай хамтран ажиллахаар болсон учраас төлөөлөгчийн эрх гардуулах аж. Энэ үеэр олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь Нүхтэд болох дээд зэрэглэлийн “Fashion рarty with Michel Adam” үдэшлэг юм.
Хамтын ажиллагааны хүрээнд “F club”, “F lounge”, “F shop” байгуулж, Монголын үндэсний дизайнеруудын холбоотой хамтран Монголын загварын ертөнцийг дэлхийн тавцанд сурталчлах аж. Микэл Адам Лисовски 1950 оны дөрөвдүгээр сарын 23-нд Варшав хотод мэндэлжээ. Еврей гаралтай тэрбээр “Princeton” их сургуулийн математикийн ангийг тэтгэлэгтэйгээр дүүргэж, хожим нь Тайландын “Eden group”-ээс бизнесийн гараагаа эхлүүлжээ.
4000 гаруй ажилтантай байсан компаниа Зүүн Азийн санхүүгийн хямралаас болж худалдсан юм байна. Дараа нь Парист ирж үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэх болсон түүний хариуцаж байсан байгууламжуудын дунд “Fashion” нэртэй кафе байснаас санаа авч загварын ертөнцийнхөнтэй холбогдож, дэлхийд алдартай загварын сувгаа нээсэн гэдэг.
Ж.СОЛОНГО