Хятадын хойд хэсэг ӨМӨЗО-ы нутгаас 5000 жилийн тэртээх хадны зураг олсон талаар өнгөрсөн бямба гаригт тус улсын археолог чид мэдээллээ. Чи фэн хотын Дахэй уул орчмоос олдсон эл хадан дээр хүмүүс болон тэдний сууц, урт сүүл бүхий галт бөмбөг тэнгэрээс унаж байгааг тод дүрсэлсэн нь анхаарал татаж байна гэж Өвөрмонголын хадны сүг зураг хамгаалах ассоциацийн тэргүүн Ву Жикай ярьжээ. “Эртний хүмүүс балар харанхуй үеэсээ ангижирч, ан хийж, оромжинд амьдарч эхэлсэн түүхийн дэвшилт үед тэнгэрээс солир унасныг энэ сийлбэр нотолж байна” хэмээн энэ сарын 25-27-нд болсон Хоншаны соёлын форумын үеэр уг олдворыг танилцуулахдаа тэрбээр хэлжээ.
Хэдэн жилийн өмнө үүнтэй адилхан хадны зургууд олдож байсан бөгөөд могой, нисэж буй шувуунаас хүмүүс хэрхэн зугтаж байгааг харуулсан байж. Магадгүй тэд бас тэнгэрээс унаж буй солироос айн зугтааж байсан байж болох талтай гэнэ. Хадны 1000 орчим зураг одоогоор олдоод байгаа нь Шинэ чулуун зэвсгийн үед хамаарах Хоншан хүмүүсийн үлдээсэн ул мөр байж магадгүй тухай Ву хэлж байна. Устаж үгүй болох шахсан Хоншаны соёлд энэ зургууд өчүүхэн ч болтугай гэрэл гэгээ авчирна хэмээн тэр өгүүлжээ.
Г.ГЭРЭЛ