“Киви” хамтлаг тарсан, тараагүй гэх тааврыг фэнүүдийнхэ дунд оньсого мэт хэвээр үлдээсэн. Продюсер Б.Ангирмаа хамтлагаа олны элдэв хэл амнаас хол байлгахыг хэрэндээ хичээж, цээжээрээ хамгаалж байгаа ч цоглог эрчтэй дуу, шинэ содон тоглолтын сураг ч алга. Хамтлагийнхаа охидыг хэвлэлийнхнээс харамладаг түүнийг хатуу ч сайн продюсер гэдэгтэй маргах хүн ховор.
Тэрбээр охидоо анх “Тайгер” пивоны рекламд тоглуулахдаа урлагийнхны хувьд өмнө нь сонсогдоогүй өндөр ханшаар гэрээ хийж амыг нь ангайлгаж байсан гэдэг. Саяхан тус хамтлагийн дуучин Ука “Моннис” компанийн “Ниссан”-ы шинэ загвар болох “Инфинити” машины нээлтэд ганцаараа ирж, ая дуугаа өргөсөн. Түүний бие даасан анхны цомгийг “Моннис” групп ивээн тэтгэж, алс холын Франц улсад хэвлүүлж өгөхөөр болсон гэнэ.
“Инфинити” машиныг топ модель Г.Уранцэцэг, дуучин Т.Баясгалан, загвар өмсөгч Г.Оюунгэрэл нарын бүсгүйчүүд унадаг байсан. “Нэр төртэй хүмүүс унаж, түмэнд танигдсан байтал зориуд “Киви”-гийн Укаг сонгож, нүүр царайгаа болгоно гэдэг сонин л юм. “Моннис”-ийн босс Чука, Ука хоёр учиртай байх аа” гэх яриа олны дунд яригдаж буй. Сүүлийн үед энэ машиныг хайр дурлалын бэлэг тэмдэг гэх болсон. Учир нь хэтэвч зузаантай бэлтэй эрсээс “Инфинити” загварын машиныг хайрын бэлгэнд авсан нэлээн олон бүсгүй хотын төвөөр салхи татуулан давхиж яваа нь худлаа биш.