Олон улсын сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Дашзэвэг өтөлсөн хойноо үеийнхээ хөгшдөөс цойлон, рок попын залуухан охидтой хамтран тайзнаа “Цэнгэн хөгжилдье” хэмээн дуулсаар гарч ирсэн нь олны нүдийг орой дээр нь гартал гайхашруулж чадсан. Өөрийнхөө амьдралын тухай хэвлэлийнхэнтэй илэн далангүй ярилцдаг тэрбээр монголчууддаа бас нэгэн сонирхолтой бэлэг барихаар зэхжээ.
Тэрбээр “Помогите нам-3” кинонд тоглож буй. Хөвсгөл далайд зураг авалтаа хийж буй уг бүтээл Монголын анхны 3D кино болж байгаагаараа онцлог гэнэ. Эрхэм сэтгүүлч маань гавьяат жүжигчин Б.Батзаяа, “Эрхэм элч”-ийн С.Лхагвасүрэн гээд хошин урлагийн акулуудаас ч дутахааргүй жүжиглэж, чамлахааргүй авьяастай гэдгээ харуулж байгаа сурагтай.